Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Төлөгдөөгүй хүүхдийн тэтгэмжийн хариуцлагыг төр өөртөө авах шинэ хууль Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн тэтгэмжийн төлөлтийг албадан хэрэгжүүлэх зорилготой шинэ хууль өчигдөр буюу долдугаар сарын нэгнээс Өмнөд Солонгост хэрэгжиж эхэлжээ.

Ингэснээр энэхүү нийгмийн тулгамдсан асуудалд тус улсын төр илүү их оролцоотой болж байгаа юм байна.

Энэ хууль нь тэтгэмжээ авч чадахгүй байгаа эмзэг бүлгийн хүүхдүүдийг эдийн засгийн сөрөг үр дагавраас хамгаалах зорилготой гэнэ.

Шинэ хуулийн дагуу тэтгэмжээ авч чадахгүй байгаа хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчид засгийн газар сар бүр 200,000 вон ($150) төлөх бөгөөд төлсөн мөнгөө сүүлд тэтгэмж төлөхөөс зайлсхийсэн этгээдээр нөхөн төлүүлэх юм.

Өөрөөр хэлбэл тэтгэмж төлөхөөс зайлсхийгчийн араас хөөцөлдөх, нөхөн төлүүлэх үүргийг төр өөртөө авч байгаа ажээ.

Хүүхдийн асран хамгаалагч гурван сар ба түүнээс дээш хугацаагаар тэтгэмжээ авч чадаагүй тохиолдолд засгийн газраас дэмжлэг авах эрхтэй болох юм байна.

Гэхдээ ингэхийн тулд тэтгэмжийг олж авахын төлөө хүчин чармайлт гаргаснаа нотлох хэрэгтэй гэнэ.

Хэрвээ асран хамгаалагчийн орлого тус улсын иргэдийн орлогын голч хэмжээний 151 хувьтай тэнцэх буюу илүү бол төрийн дэмжлэгт хамрагдахгүй байхаар хуульд заажээ.

Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Хүйсийн тэгш эрх, Гэр бүлийн яамны харьяа Хүүхдийг Дэмжих Агентлагт зөрчил гаргасан эцэг, эхийн хувийн санхүүгийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах эрх олгосон байна.

Өмнөд Солонгосын засгийн газрын тоо баримтаас үзвэл хүүхдийн тэтгэмжийн төлөлт 2021 онд 38.3 хувьтай байсан бол 2023 онд 44.7 хувь болж өсжээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэмж төлөх ёстой эцэг, эхчүүдийн талаас илүү хувь нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа юм байна.

 

Эх сурвалж: Korea Times