Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Squid Game” цувралын сүүлчийн бүлэг 60.1 сая удаагийн үзэлтээр Нэтфликсийн дээд амжилтыг эвдлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн “Squid Game” цувралын гурав дахь буюу сүүлчийн бүлэг өнгөрсөн долоо хоногт цацагдахдаа Нэтфликсийн дээд амжилтыг эвджээ.

Эхний гурван өдрийн хугацаанд уг бүтээл нийт 368.4 сая цагийн урттай 60.1 сая гаруй үзэлтийг тус платформ дээр үүсгэсэн нь шинэ дээд амжилт болсон байна.

Арванхоёрдугаар сард цацагдсан хоёр дахь бүлэг нь нээгдсэнээсээ хойш дөрвөн өдрийн дотор 68 сая удаагийн үзэлт дагуулж байжээ.

“Squid Game” цувралын нэг ба хоёрдугаар бүлэг нь Нэтфликсийн англи бус хэл дээр бүтээгдсэн бүх цаг үеийн шилдэг цувралуудын нэг ба хоёрдугаар байрыг эзэлдэг. Цувралын гуравдугаар бүлэг одоогоор энэ жагсаалтын есдүгээрт бичигдэж байгаа бөгөөд цаашдаа ахих нь тодорхой байна.

Сүүлийн үед найруулагч Дэвид Финчер энэхүү бүтээлийн англи хэл дээрх хувилбарыг бүтээхээр болсон гэх яриа тараад байгаа.

Найруулагч өмнө нь Нэтфликстэй хамтран улс төрийн сэдэвтэй “House of Cards” цувралыг бүтээж байсан юм.

Энэ оны эхээр тэр Квентин Тарантиногийн “Once Upon a Time in Hollywood” киноны үргэлжлэлийг бүтээхээр Нэтфликстэй хамтран ажиллаж эхэлснээ зарлаж байв.

Гэхдээ “Squid Game” цувралын найруулагч Хван Дон Хюк шинэ хувилбарын талаар мэдээлэлгүй байгаагаа саяхан Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа баталсан юм.

“Хэрвээ тэд шинэ бүлэг бүтээхээр төлөвлөсөн бол би оролцож, чиглүүлэх нь ойлгомжтой гэж бодож байна. Гэхдээ Америк хувилбар хийх бол миний оролцоо санаа нэмэрлэх хэмжээнд байхад хангалттай. Би ийм төсөлд бүрэн хамрагдах бодолгүй байна. Хэрвээ Нэтфликс миний оролцоо хэрэгтэй гэж үзээд тэр нь миний ажилтай давхцахгүй бол би туслахдаа баяртай байх болно” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian