Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын эрх баригчид биометрик өгөгдлөө илгээгээгүй гадаадын иргэдийн гар утсыг сүлжээнээс салгаж эхэлнэ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хувийн биометрик өгөгдлөө илгээгээгүй гадаадын иргэдийн гар утсыг үүрэн холбооны сүлжээнээс салгаж эхэлснээ ОХУ-ын дижитал хөгжлийн яам өчигдөр зарлажээ.

Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн тус улсад ирсэн гадаадын иргэд үүрэн холбооны үйлчилгээ авахдаа засгийн газрын Биометрик Өгөгдлийн Нэгдсэн Системд бүртгүүлэх шаардлагатай болсон юм.

Харин Мягмар гарагаас эхлэн үүнээс өмнө гэрээ байгуулсан хэрэглэгчдийг албадан бүртгүүлэх арга хэмжээ авч байна.

Хэрвээ хувийн мэдээллээ илгээж, бүртгүүлээгүй бол эхний ээлжид улс хоорондын болон хот хоорондын утасны яриаг хаах, дараа нь интернэтийн хурдыг бууруулах, улмаар 30 хоногийн дараа үүрэн холбооны сүлжээнээс бүрмөсөн салгахаар болжээ.

ОХУ-д ирсэн гадаадын иргэд бас АНУ-ын нийгмийн даатгалын дугаартай ижил СНИЛС (Страховой Номер Индивидуального Лицевого Счёта) дугаараа засгийн газрын Госуслуги порталд бүртгүүлж, гар утасны IMEI (International Mobile Equipment Identity) дугаараа өгөх ёстой юм байна.

Нэг хүний нэр дээр 10-аас илүүгүй СИМ карт бүртгэх гэнэ.

Энэ арга хэмжээгээ залилан луйвар хийх, бүртгэлгүй СИМ карт ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилготойг ОХУ-ын дижитал хөгжлийн яам тайлбарлажээ.

Одоогоор хоёр сая гаруй гадаадын иргэн шинэ журмын дагуу хувийн биометрик өгөгдлөө бүртгүүлээд байгааг бас мэдээлсэн байна.

Хэрвээ хувийн мэдээллээ бүртгүүлэлгүй гурван сар өнгөрвөл утасны дугаарыг нь устгахаар болжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times