Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн төсөлтэй холбоотой маргаан дахин сэдэрсний дараа Илон Маскийг АНУ-аас албадан гаргах санааг Трамп цухуйлгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төсвийн алдагдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх хуулийн төсөлтэй холбоотой маргааны улмаас ерөнхийлөгч Дональд Трамп, тэрбумтан Илон Маск нарын зөрчил дахин хурцадлаа.

Дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог Маск өнгөрсөн оны сонгуульд Трампыг ялахад чухал дэмжлэг үзүүлсэн хүн юм.

Үүнийхээ хариуд тэр Трампын засаг захиргааны төсвийн хэмнэлт хариуцан агентлагийг хэдэн сарын турш удирдаж байв.

Гэвч Трампын санаачилсан “Big Beautiful Bill” гэгдэж буй хуулийн төсөл тэдний дунд томоохон хагарал үүсгээд байгаа.

Татварыг бууруулж, АНУ-ын төсвийн алдагдал, өрийн хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх энэ хуулийн төслийг Маск эрс эсэргүүцдэг. Гэвч өчигдөр буюу Мягмар гарагт энэ хуулийн төслийг Сенатын танхим ганцхан саналын илүүгээр баталсан байна.

Өмнөх өдөр нь Маск хэрвээ хууль батлагдвал дэмжсэн сенаторуудыг дараагийн сонгуульд ялагдуулахын тулд бүхнийг хийх, улс төрийн шинэ нам байгуулахаа амлаж байв.

Өчигдөр сэтгүүлчид Трампаас тэрбумтны иргэний харьяаллыг цуцалж, АНУ-аас албадан гаргах боломжтой эсэхийг асуухад “Бид энэ боломжийг шалгах хэрэгтэй” гэж хариулжээ.

Энэ хариултыг сонссон Маск сошиал хуудсандаа “Асуудлыг хурцатгах сонирхол маш их байна. Тун сонирхолтой. Гэхдээ би одоохондоо тэвчих болно” гэж бичсэн байна.

Трамп бас Маскийн SpaceX, Starlink бизнесүүдэд АНУ-ын засаг захиргаанаас олгодог татаасуудыг цуцалж чадахаа өчигдөр анхааруулсан юм.

“Бид Doge-ийг Илоны эсрэг тавьж болох юм. Doge гэж юу болохыг мэдэж байна уу? Doge бол эргээд Илон руу дайрах мангас юм” гэж тэр хэлжээ.

Doge (Department of Government Efficiency) бол Маскийн удирдаж байсан төсвийн хэмнэлт хариуцсан агентлагийн нэр юм.

Трампын хэлснээс үзвэл уг агентлагийн үүрэг функцийг ашиглан Маскийн бизнесүүдэд өгдөг татаасуудыг цуцлах боломжтой ажээ.

Трампын мэдэгдлийн дараа хөрөнгийн зах зээл дээр Тесла компанийн хувьцааны ханш зургаа гаруй хувиар унасан байна.

Цахилгаан автомашины үйлдвэрлэлийг дэмжих АНУ-ын засаг захиргааны бодлогыг цуцалсан нь Маск хуулийн төсөлд нь дайсагнах шалтгаан болсон гэж үзэж байгаагаа Трамп бас илэрхийлжээ.

“Тэр цахилгаан автомашины мандатаа алдаж байгаа. Тэр үүнд маш их бухимдалтай байна. Гэхдээ тэр үүнээс ч илүү их зүйлийг алдаж болохыг би яг одоо хэлж чадна. Илон үүнээс ч илүү  ихийг алдаж болно” гэж тэр хэлсэн юм.

Даваа гарагийн орой Трамп хэвлэлд ярихдаа “Татаас байхгүй бол Илон дэлгүүрээ хаагаад Өмнөд Африк руугаа буцах хэрэгтэй болно. Дахин пуужин хөөргөх, хиймэл дагуул, эсвэл цахилгаан автомашин үйлдвэрлэх хэрэггүй болно. Тэгвэл манай улс хөрөнгө мөнгөө хэмнэнэ. Магадгүй бид Doge-ийн анхаарлыг үүнд чиглүүлж болох юм. Их хэмжээний мөнгө хэмнэгдэх болно” хэмээн мэдэгдэж байв.

Өчигдөр Маск шинэ хуулийн төслийн талаар “Миний ганц хүсэж байгаа зүйл бол Америкийг дампууруулахгүй байх” гэж сошиал хуудсандаа бичээд хуулийн төслийг дэмжсэн Бүгд Найрамдахчуудыг “өрийн боолчлолыг дэмжлээ” хэмээн буруутгажээ.

Трампын хуулийн төсөл Конгрессоор батлагдвал “Америкийн Нам” хэмээх шинэ улс төрийн хүчнийг байгуулж, дараагийн сонгуулиар АНУ-ын гол хоёр нам болох Бүгд Найрамдах, Ардчилсан намуудтай өрсөлдөхөө Маск амласан.

Маскийн энэ мэдэгдлээс Трамп ихэд болгоомжилж буй бололтой. Тиймээс Маскийн санаархлыг таслан зогсоохын тулд Трамп түүнийг АНУ-аас албадан гаргахаас ч буцахгүй байна.

Маск өчигдөр дагагчдынхаа дунд санал асуулга явуулсны дараа “VOX POPULI VOX DEI (“хүмүүсийн дуу хоолой бол бурхны дуу хоолой” гэсэн латин хэлц үг) 80 хувь нь шинэ намд саналаа өглөө” хэмээн мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP