АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан “Big Beatiful Bill” гэгдэж буй хуулийн төслийг Конгресс батлах юм бол улс төрийн шинэ нам байгуулахаа тэрбумтан Илон Маск өчигдөр мэдэгджээ.
“Хэрвээ энэ солиотой төсвийн хуулийн төсөл батлагдвал маргааш нь Америкийн Нам байгуулагдах болно. Манай улсад Ардчилсан болон Бүгд Найрамдах намаас өөр хувилбар хэрэгтэй. Ингэснээр ард түмэн жинхэнэ дуу хоолойтой болно” гэж Маск сошиал хуудсандаа бичсэн байна.
Үүнээс өмнө тэр Трампын хуулийн төслийг дэмжсэн улс төрчдийг дараагийн сонгуульд унагахаа амлаж байв. “Хэрвээ энэ нь миний энэ дэлхий дээр хийх сүүлчийн зүйл юм бол тэд ирэх оны сонгуульд ялагдана” гэж Маск мэдэгджээ.
Трампын үнэнч холбоотон, санхүүжүүлэгч байсан Маск сүүлийн сар орчим хугацаанд эсрэгээрээ түүний том шүүмжлэгч болоод байгаа.
Тэрбээр Трампын засаг захиргааны төсвийн хэмнэлт хариуцсан албан тушаалыг дөрвөн сар гаруй хугацаанд хашсан юм.
Гэтэл Трампын санаачилсан хуулийн төсөл татварыг бууруулж, АНУ-ын төсвийн алдагдал, өрийн хэмжээг ихээр нэмэгдүүлэх гэж байгаа нь Маскийг бухимдуулж байна.
Хуулийн төсөл Конгрессын төлөөлөгчдийн танхимаар дэмжигдээд одоо сенатын танхимд хэлэлцэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!