Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэх хэргээр шалгаж эхэлсэн талаар Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас мэдээлсэн билээ.
Үүнтэй холбогдуулан ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус асуудалд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Хууль зөрчиж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Хариуцлага хүлээж ажиллаж байгаа, нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх гэсэн чин эрмэлзэлтэй залуучуудыг “ХАРЛУУЛАХ” мэдээ их явж байна.
Нийслэлд баригдаж байгаа барилгууд дээр өргөдөл гомдол иргэдээс их ирдэг. Үүнтэй холбоотойгоор Хот байгуулалт, хотын стандартын газрын үйл ажиллагааг хууль эрх зүйн байгууллагуудаар хянан шийддэг тохиолдол их байдаг.
Зарим аж ахуй нэгж, иргэн ямар ч зөвшөөрөлгүй барилга барьж, дуртай газраа хашаалчихдаг. Тэдний дунд томоохон компаниуд ч бий. Эдгээр зөрчлүүдийг арилгахын төлөө бид шат дараатай арга хэмжээ авч байгаа. Зөрчилтэй ААН-ээс ч зарим үед харлуулж, зураг бичлэгийн доор элдэвлэх асуудал гарч байдаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг гүтгэж, яг ижилхэн үг үсэгтэй мэдээг зориуд тараахыг тэвчихгүй.
Миний бие ажил авснаас хойш хууль, дүрэм журамд нийцүүлэн ёс зүйтэй ажиллаж байна. Үнэн мөнийг хуулийн байгууллага тогтоох биз ээ. Тиймээс ийм мэдээллийг түгээхээ зогсоохыг хүсье" гэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!