Өчигдөр буюу Даваа гарагт Мексикийн баруун бүсийн Синалоа мужийн нийслэлийн нэг гүүрнээс дүүжилсэн толгойгүй дөрвөн цогцос олджээ.
Энэ нь нэг хоногийн дотор хар тамхины картелын үйлдсэн 20 аллагын нэг хэсэг юм байна.
Өнгөрсөн онд Синалоа картелын хоёр фракц болох Лос Чапитос, Ла Майзагийн хооронд дэгдсэн цуст дайн тус мужийн төв Кулиакан хотыг аллага хүчирхийллийн төв болгоод байгаа.
Одоо тус хотод бараг өдөр бүр алагдсан хүмүүсийн цогцос олдож, картелын бүлэг хоорондын буудалцааны улмаас үйлчилгээний байгууллагууд, сургуулиуд хаалгаа барьдаг болсон.
Хотын гол гудамжнуудыг нүүрэндээ баг зүүж, мотоцикл хөлөглөсөн картелын гишүүд хянадаг болжээ.
Даваа гарагт хотоос гарах авто замын гүүрэн дээрээс дүүжилсэн дөрвөн цогцос олдож, сүүлд тэдгээрийн гялгар уутанд хийсэн толгойнууд ойролцоо газраас олдсоныг Синалоа мужийн прокурорын газар мэдээлжээ.
Энэ өдөр бас авто зам дээр зогссон цагаан өнгийн фургон автомашин дотроос буудуулж алагдсан 16 эрэгтэйн цогцос олдсоны нэг нь толгойгүй байсан байна.
Картелын фракцуудын нэг нь цогцсуудын дэргэд зурвас үлдээсэн байсныг эрх баригчид мэдээлсэн ч агуулгыг нь нийтэд задруулахаас татгалзжээ.
Синалоа мужийн засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч Фелисиано Кастро картелийн аллагыг буруушаахдаа эрх баригчид зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдтэй тэмцэх арга стратегиа эргэж харах цаг болсныг сануулсан байна.
“Цэрэг болон цагдаагийн хамтарсан хүч Синалоа мужид энх тайвныг тогтоохоор ажиллаж байна” гэж тэр энэ үеэр мэдээлжээ.
Одоо АНУ-ын шоронд ял эдэлж байгаа Синалоа картелын босс асан “Эль Чапо” хочит Хоакин Гузманы хүү хоёр фракцын нэгнийх нь боссыг хулгайлж, хувийн нисэх онгоцоороо АНУ-ын эрх баригчдад хүргэж өгснөөр энэ дайн эхэлсэн юм.
Үүний улмаас Кулиакан хотын амьдрал өнгөрсөн оны есдүгээр сараас хойш үндсэндээ зогсоод байна.
Эх сурвалж: Associaited Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!