Тегераны эрх баригчид Израиль, АНУ-тай хийсэн 12 өдрийн дайныхаа дараа Хятад улсаас Chengdu J-10C загварын олон зориулалттай байлдааны нисэх онгоцнуудыг худалдаж авах яриа хэлэлцээг эрчимжүүлснийг Ираны Хорасан сонин мэдээлжээ.
Ихээхэн хохиролтой мөргөлдөөний дараа агаарын хүчээ аль болох яаралтай шинэчлэх хүсэлтэй байгаа Иран улсад Хятадын нисэх онгоцнууд хамгийн боломжийн хувилбар болж байгаа гэнэ.
J-10C онгоцыг Ираны тал сүүлийн 20 орчим жилийн турш сонирхож байгаа юм байна.
2015 онд 150 ийм онгоц авах гэрээ байгуулахаар бэлдэж байсан ч төлбөр тооцооны асуудлаас болоод наймаа зогсож байжээ.
Тухайн үед Хятадын тал төлбөрийг гадаад валютаар хийхийг шаардсан бол валютын дутагдалтай Ираны тал газрын тос, байгалийн хийгээр солилцох санал гаргасан юм байна.
Дараа нь НҮБ-ын зэр зэвсгийн худалдааны хориг энэ наймааг боломжгүй болгожээ.
2020 онд хориг цуцлагдаж, гэрээ дахин яригдаж эхэлсэн байна.
Энэ удаа Ираны тал авах онгоцныхоо тоог 36 болгон бууруулсан ч төлбөр тооцооны асуудал дахин саад учруулжээ.
Тэгвэл зургаадугаар сарын 24-нд АНУ-ын засаг захиргаа Хятад улсад Иранаас газрын тос авахыг албан ёсоор зөвшөөрсөн нь бартерын солилцоог боломжтой болгосон байна.
Албаны тоо баримтаас үзвэл 12 өдрийн дайны өмнө Ираны агаарын хүчин 150 орчим сөнөөгч онгоцтой байжээ.
Тэдгээрийн ихэнх нь Исламын хувьсгалаас өмнөх Шахын засаг захиргааны үеэс өвлөгдсөн АНУ-ын хуучин онгоцнууд юм.
Тухайлбал F-4 Phantom II загвар 64 ширхэг, F-5E/F Tiger II загвар 35 ширхэг, F-14A Tomcat загвар 41 ширхэг тус тус байжээ.
Эдгээрээс гадна 1980-1990-ээд оны үед ЗХУ, ОХУ-аас худалдаж авсан 18 ширхэг МиГ-29А байдаг ч сэлбэг олдохгүй болсноос ихэнх нь ашиглагдахаа больсон гэнэ.
Хамгийн сүүлд 2023 онд Тегераны эрх баригчид ОХУ-аас 50 ширхэг Су-35 сөнөөгч онгоцыг нэг бүрийг нь $100 гаруй саяар авах гэрээ байгуулж байжээ.
Гэвч Украины дайны улмаас ойрын үед нийлүүлэгдэх боломжгүй болсон байна.
Хятадын J-10C онгоц багцын сонголтоосоо хамаараад нэг бүр нь $60,000-$90,000 хооронд үнэтэй байгаа гэнэ.
12 өдрийн дайны үеэр Ираны тэнгэрт Израилийн агаарын хүчин ноёрхож байсан юм.
Израилийн F-35, F-15 сөнөөгч онгоцнууд Ираны агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн ихэнхийг устгасан. Улмаар зургаадугаар сарын 22-нд АНУ-ын бөмбөгдөгч онгоцнууд Ираны цөмийн гол байгууламжуудад довтлоход ямар ч саад учруулж чадаагүй юм.
Ираны Тасним агентлагийн мэдээлснээр энэ мөргөлдөөнд Исламын бүгд найрамдах улс хуучирсан нисэх онгоцнуудынхаа 30 хүртэл хувийг алджээ.
Эх сурвалж: Khorasan
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!