Франц улсын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ) болон Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан багтай ажиллажээ.
Эмч нарын баг нийт 36 өвчтөн (27 хүүхэд, есөн насанд хүрэгч)-д нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.
Энэ удаагийн хамтарсан мэс заслын онцлог нь:
Гадаадын эмч нар зөвлөх болон хяналтын үүрэгтэйгээр оролцож, дотоодын мэс заслын баг бие даан мэс заслыг гүйцэтгэсэн явдал бөгөөд энэ нь дотоодын эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, цаашдын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхэд гадаад явах урсгалыг шат дараатай бууруулахад чухал ач холбогдолтой алхам болжээ.
Хийгдсэн мэс заслуудад тусламж, үйлчилгээнд дараах хүнд хэлбэрийн тохиолдлууд багтсан байна.
Фаллогийн дөрөвлөсөн гажгийн дараах баруун ховдлын гарах хэсгийн болон уушгины артерийн нарийслын үед хийгдсэн давтан мэс засал зэрэг хүнд, нарийн төвөгтэй тохиолдлуудад мэс заслын төгс эмчилгээнүүдийг тус тус хийв.
Дээрх тохиолдлууд нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/273 дугаар тушаалаар батлагдсан “Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтсан бөгөөд өөрийн оронд хийснээр олон улсын хамтын ажиллагааны үр дүн, Монгол эмч нарын ур чадвар өсөн нэмэгдэж буйн бодит жишээний нэг юм.
УГТЭ нь хамтын ажиллагааны хүрээнд зүрхний мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлд Люксембург, Франц, БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, зэрэг улсуудаас жилдээ 20 гаруй зочин профессорын багийг урьж ажиллуулан иргэдийн эх орондоо эмчлүүлэх боломжийг тасралтгүй бүрдүүлэх, эмч нарын ажлын байран дээрээ чадавхжуулах үйл ажиллагааг эрчимтэйгээр зохион байгуулан ажиллангаа суралцах ач холбогдолтой олон үр дүнгүүд гарсаар байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!