Ням гарагт Ираны цөмийн байгууламжуудад АНУ-ын өгсөн агаарын цохилтын үр дүн тодорхойгүй байгаа.
Пентагоны харьяа Батлан Хамгаалах Тагнуулын Агентлаг цохилт Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн устгах хэмжээнд байж чадаагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан тухай эх сурвалжууд мэдээлж байв. Гэхдээ тус агентлаг АНУ-ын засаг захиргааны тагнуулын 18 байгууллагын зөвхөн нэг нь юм.
Тэгвэл Лхагва гарагт Тагнуулын Төв Газар (CIA) үүний эсрэг мэдэгдэл гаргасан байна.
Тус байгууллагын вэб сайтад өчигдөр нийтлэгдсэн мэдэгдэлд “Найдвартай тагнуулын байгууллагынхаа хувиар ТТГ саяхан хэрэгжсэн зорилтот ажиллагааны үр дүнд Ираны Цөмийн Хөтөлбөр ноцтой хохирол амссан болохыг баталж байна. Тухайлбал Ираны хэд хэдэн гол цөмийн байгууламж устгагдсан бөгөөд сэргээн босгоход олон жил шаардлагатай гэсэн найдвартай эх сурвалжийн шинэ мэдээллийг бид авлаа. ТТГ нь нэмэлт мэдээлэл цуглуулж, зохих шийдвэр гаргагчдад бүрэн мэдээлэл өгөхийн тулд үргэлжлүүлэн ажиллаж байна. Боломжтой болсон үедээ бид бас үндэсний хэмжээний ач холбогдлыг нь харгалзан үзэж, ил тод байдлыг хангах үүднээс Америкийн олон нийтэд мэдээлэл хүргэх болно” гэжээ.
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бас цохилтыг хангалттай үр дүнд хүрээгүй гэсэн өмнөх мэдээллийг няцаахдаа уг ажиллагааг дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы Хирошима, Нагасаки хотуудыг бөмбөгдсөн үйл явдалтай зүйрлэсэн байна.
“Та нар Хирошимаг сана, Нагасакийг сана. Эдгээр хотуудыг бөмбөгдсөнөөр дайн дуусаж байсан. Энэ удаа дайныг өөр аргаар дуусгаж байна” гэж тэр ярьжээ.
Трамп цааш нь “Би Хирошимаг, Нагасакийг жишээ болгохыг хүсэхгүй байна. Гэхдээ үндсэндээ адилхан. Тэгэхэд дайныг дуусгасан. Өнөөдөр бас дайныг дуусгаж байна” гэсэн юм.
Мэргэжилтнүүд АНУ-ын бөмбөгдөлтийн үр дүнг бүрэн тодорхойлоход хугацаа шаардагдана гэж үзэж байгаа.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!