Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

$40,000-ын дүнтэй хуримын бэлэг хулгайлсан этгээдэд Сингапурын шүүх хорих ял оноожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сард Сингапурт болсон нэг хуримын үеэр зочдын бэлэглэсэн дугтуйтай мөнгөнүүд алга болсон хэрэг гарч байжээ.

Нийтдээ 50,000 сингапур доллартой ($40,000 орчим) тэнцэх бэлэн мөнгө энэ үеэр алдагдсан юм байна.

Энэ мөнгийг хулгайлсан Ли И Вэй гэгчийн шүүх хурал Мягмар гарагт болж, түүнд нэг жилийн хорих ял оноожээ. Мөн гэрлэсэн хосын мөнгийг буцааж төлүүлэх шүүхийн шийдвэр гарсан байна.

Хэрвээ мөнгийг буцааж төлөөгүй тохиолдолд хоригдох хугацаа нь 100 хоногоор сунгагдах ялын нөхцөл шүүхийн шийдвэрт тусгагджээ.

36 настай шүүгдэгч тухайн хурим болсон зочид буудалд зөөгчөөр ажиллаж байсан юм байна.

Азийн олон оронд хуримын зочид гэрлэгсдэд аз жаргалыг бэлгэдсэн улаан дугтуйтай мөнгө бэлэглэдэг уламжлалтай.

Зочид дугтуйтай мөнгөө тусгайлан байрлуулсан хайрцагт хийдэг юм байна.

Уг хуримын үеэр ресторанд ажиллаж байсан Ли хоёр ийм хайрцгийг хулгайлжээ.

Мөнгийг хулгайлснаасаа хойш ердөө дөрвөн цагийн дотор тэр 12,200 сингапур долларыг хувцас худалдаж авах, мөрийтэй тоглоомд бооцоо тавих зэргээр үрснийг шүүхийн бичиг баримтад өгүүлсэн байна.

Дараа нь Ли үлдсэн бүх мөнгийг гурван өдрийн дотор онлайн мөрийтэй тоглоомын 195 бооцоонд хувааж тавьжээ.

Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа тэр цагдаад баригдахдаа дөнгөж 3,000 сингапур доллартой үлдсэн байсан гэнэ.

Сүүлийн жилүүдэд Сингапурт хуримын бэлгийн мөнгөний хэмжээг тогтоодог бичигдээгүй хууль үйлчлэх болжээ.

Тухайлбал зочид бэлгээ хуримаа хийж буй хосуудын зардлаас төлөлцөж байгаа гэж ойлгодог болсон байна.

Хурим хаана ямар газарт болж байгаагаас хамаараад хэр хэмжээний мөнгө бэлэгт өгвөл зохих талаар онлайн гарын авлага гарч, жил бүр мэдээллээ шинэчилдэг болжээ.

 

Эх сурвалж: BBC