АНУ-ын бөмбөгдөлтийн дараа Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев гуравдагч орнууд Иранд цөмийн зэвсэг нийлүүлэх боломжтойг сошиал хуудсаараа мэдэгдэж байв.
2008-2012 онуудад ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр Ираны цөмийн байгууламжуудад өгсөн АНУ-ын цохилтыг шүүмжилж, энэ нь Тегераны амбицыг зогсоож чадахгүйг анхааруулсан юм.
“Хэд хэдэн улс өөрсдийн цөмийн цэнэгт хошууг Иранд шууд нийлүүлэхэд бэлэн байгаа” гэж бичсэн Медведев уг бөмбөгдөлт нь Тегераны дэглэмийг улам бэхжүүлж, Нобелийн Энх тайвны шагнал хүртэх Трампын боломжийг үгүй хийж байгааг нэмж бичсэн байна.
Тэрбээр энэ мэдэгдлээ “Баяр хүргэе” гэсэн ёжтой үгээр дуусгажээ.
Тэгвэл маргааш нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүний мэдэгдлийн хариуг мөн сошиал хуудсаараа өгсөн байна.
“Оросын ерөнхийлөгч асан Медведев N (Nuclear) үгийг болгоомжгүй хэрэглэж, бусад улс орнууд Иранд цөмийн зэвсэг нийлүүлэх боломжийн талаар хэлэв үү? N үгийг ингэж хайхрамжгүй хэрэглэж болохгүй. Тийм болохоор л Путин босс нь болсон юм байна” гэж тэр бичжээ.
Даваа гарагийн орой Медведев дахин бичихдээ Орос улс Цөмийн Зэвсгийг Үл дэлгэрүүлэх тухай гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, Иранд цөмийн зэвсэг нийлүүлэх боломжгүйг илэрхийлсэн байна.
“Гэхдээ бусад улс орнууд ингэж магадгүйг би хэлсэн юм” гэж тэр залруулжээ.
Мягмар гарагт Трамп, Медведев нарын маргааны талаар Кремлийн хэвлэлийн албанаас тодруулахад “Дмитрий Анатольевич үзэл бодлоо тууштай, хатуу илэрхийлдэг хүн. Бидний хувьд түүний үзэл бодол хамгаас чухал нь мэдээж хэрэг” гэж хариулсан байна.
Өөрөөр хэлбэл Медведевийн байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
2022 онд Украины дайн эхэлсэн цагаас хойш Медведев нь Кремлийн хамгийн дайнч, түрэмгий дуу хоолой болж тодорсон юм.
ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албыг хашдаг тэрбээр өнгөрсөн хугацаанд Өрнөдийнхнийг цөмийн зэвсгээр сүрдүүлэх ажлыг хамгийн идэвхтэй гүйцэтгэж байгаа билээ.
Эх сурвалж AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!