Багш нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх, үр дүнд нь суурилан урамшуулах зорилготой Гүйцэтгэлийн үнэлгээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа.
Энэ жил орон даяар ажиллаж буй 30 мянга гаруй багшийг үнэлэхээр нэг сая гаруй сурагчаас шалгалт авчээ.
2025 оны гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа 1-5 дугаар ангийнхнаас цаасан суурьтай шалгалт авсан бөгөөд материал дундаас нь шипи гарсан, бүх хүүхэд нь далгавраа ижил гүйцэтгэсэн байна гэх асуудлаар Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс зарим багшийг өчигдөр дуудсан байна.
БҮТ-ийн захирал Г.Гантуяа "Үндсэн ажлаа хийж буй ажилтан үндсэн цалингаа авдаг. Гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг бол багш нар тухайн жилд төлөвлөсөн ажлаа хэр гүйцэтгэсэн байгаагаа үнэлүүлж нэмэлт урамшуулал авдаг. Багш нарын 50 хувь нь үнэлгээний үр дүнгээс хамаарч 40 хүртэл хувийн урамшуулал авч байгаа.
Улс даяар 30 гаруй мянган багшийн үнэлж байгаа. Энэ жил 1-5 дугаар ангийн хүүхдүүд цаасаар шалгалтаа өгсөн. 80 гаруй багшийг сонгон шалгаруулаад эдгээр шалгалтын материалыг шалгуулж байна. Ингэхэд 100 гаруй багшийн ангиас шалгалтын материал нь шипи-тэйгээ гарч ирсэн. Бүх хүүхдийнх нь материал ижилхэн байсан учраас лавлаж байгаа.
Мөн багш нараас зарим газар зохион байгуулалт тааруу байсан учраас хуулсан гэсэн гомдол ирсэн.
БҮТ бол ерөнхий зохион байгуулалтыг хийдэг ч үнэлгээ авах шалгалтын зохион байгуулалтад багш нар өөрсдөө оролцдог. Одоогоор 100 гаруй багшийн асуудал яригдаж байна. Буруугүй бол тодорхой болгох ёстой, буруутай бол түүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэв.
...дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш "Манай ангиас 40 хүүхэд шалгалт өгсөн. Нэг танхимдаа 20 хүүхэд нь математик, 20 хүүхэд нь монгол хэлний шалгалтаа зэрэгцэж суугаад өгсөн. Биднийг байлгадаггүй шүү дээ. Удирдлага, менежерүүд маань шалгалт авах багшаа хүндлээд ангиас гараарай гэдэг. Тиймээс гараад явцгаадаг.
Нэгдүгээр ангийн хүүхэд яаж хуулсныг мэдэхгүй байна. Хуулсан, хуулуулсан, материал ижилхэн байсан гэдэг асуудал ярьж байгаа. Бид нар анги дотор байгаагүй учраас мэдэхгүй. Гаднаас өөр сургуулийн багш нар ирж шалгалт авсан" гэв.
Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд суурилж багш нарыг таван түвшинд хуваадаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!