Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбурханаар өвдсөн хүмүүсийн 67.4% нь сурагчид байсан. Одоо хичээл сургууль амарсан учир өвчлөл буурах болов уу"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн захирал Э.Анхбаяр дараах байдлаар хүргэсэн юм. 

Энэ талаар хэлэхдээ "Улаанбурханы вакцины товлолын нас нь

  • Есөн сар
  • Хоёр нас

Гэхдээ өвчний дэгдэлтийн үед 6-8 сартай хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулдаг.

Энэ цаг үед улаанбурхан өвчинд хэн илүү өртөж байна вэ? 

Вакциныхаа нэг, хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвчилж байна. 

Нэгдүгээр тундаа хамрагдаж чадаагүй есөн сар хүртэлх насны хүүхдүүд өвдөх эрсдэл маш өндөр. Тэдгээр хүүхдийг өвдүүлэхгүйн тулд 6-8 сартайд нь дархлаажуулалтыг хийж эхэлж байгаа.

Өөрөөр хэлбэл эхний тунг зургаан сартайд хийнэ гэсэн үг. Өвдөх эрсдэл өндөр байгаа учраас ийм хариу арга хэмжээ авч байна. Тиймээс иргэд маань эргэлзэх зүйлгүй" гэв. 

ХӨСҮТ-ийн Нэгжийн дарга Н.Сувдмаа "Улаанбурханы эсрэг вакциныг 1950-аад оноос хэрэглэж эхэлсэн байдаг. Манай улс 1973 онд нэвтрүүлсэн. Энэ утгаараа аюулгүй, ач холбогдол өндөр. 

Вакцин бол хүндрэл, эндэгдлээс сэргийлэх маш чухал арга хэмжээ. 

Улаанбурхан өвчний вакцины бүрэн тунг хийлгэсэн тохиолдолд өвчний эрсдэлээс 95-98 хувиар сэргийлж, өвдөхгүй байх боломжтой" хэмээн зөвлөсөн юм. 

Үргэлжлүүлэн "Вакцины нөөц манай улсад хангалттай байгаа.

Сүүлийн гурван долоо хоногт дархлаажуулалт нэлээд эрчимжиж байна. ХӨСҮТ-ийн 24 цагийн дархлаажуулалтын цэгээр өдөрт 150 орчим хүн хандаж, тусламж үйлчилгээ авч байна. 

Нийт улаанбурханаар өвдсөн хүмүүсийн зураглалыг харвал 67.4 хувь нь сурагчид байсан.

Одоо хичээл сургууль амарсантай холбоотойгоор төвлөрөл саарч эхэлсэн учир үүнийг дагаад өвдөх эрсдэл мөн буурах болов уу. 

Гол ажил вакцинжуулалт учраас дүүрэг, Өрхийн эмнэлгүүд сайн ажиллаж байна. Айлуудад очиж вакцинаас хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулж байгаа.

Хөдөө орон нутагт дархлаажуулалтыг идэвхжүүлж байгаа учраас цааш өвдөлт буурах хандлагатай байна" гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр хэлсэн юм.