Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс хүргэлээ.
Энэ үеэр Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 22:00 цаг хүртэл вакцинжуулалт болон хариу арга хэмжээ, зөвлөгөө өгч байгааг ХӨСҮТ-ийн Нэгжийн дарга Н.Сувдмаа хэлсэн юм.
Тэрбээр "Улаанбурхан нь маш өндөр халдвартай вирус. Энэ утгаараа өвчлөл бусад улс оронд бүртгэгдсэн хэвээр байна.
Сүүлийн зургаан сарын байдлаар өвчлөл өндөр бүртгэгдэж буй эхний 10 улсын жагсаалтад манай улстай хил залгаа ОХУ оржээ.
Мөн эмчилгээ болон аялал жуулчлал, шашны зан үйлээр Энэтхэг улсад их хэмжээгээр бүртгэгдэж байна. Тиймээс иргэд маань дээрх улс орнуудад зорчихдоо халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөе.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 22:00 цаг хүртэл вакцинжуулалт болон хариу арга хэмжээ, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа хийгдэж байна.
Дийлэнх хүмүүс ХӨСҮТ-д хандаж байгаа. Нэг сэжигтэй тохиолдол болон үйлчлүүлэгчийг дагаад ар гэрийнхэн нь хамт ирдэг. Тиймээс манайд 24 цагийн дархлаажуулалтын цэг ажиллуулж байна.
Хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг чанд сахих явдал.
Үнэхээр тууралт гарч, халуурвал Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах боломжтой" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!