Өнөөдрийн байдлаар (2025.06.20) улсын хэмжээнд улаанбурхан өвчний 8,648 тохиолдол батлагдав.
Харамсалтай нь улаанбурхан өвчний улмаас долоон хүүхэд амь насаа алджээ.
Одоогийн байдлаар эмнэлэгт 691 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд 37 хүн байгаа бол хоёр хүүхэд нэн хүнд хэвтэн эмчлүүлж байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээллээ.
Улаанбурхан өвчний халдварын нөхцөл байдал ба урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр дараах мэдээллийг танилцуулав.
Тэрбээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд улаанбурхан өвчнөөр 193 хүн эмнэл зүйн хувьд батлагдсан. Үүнээс 83 нь Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд өчигдөр ирж хэвтэн эмчлүүлж байна.
Нийт өвчилсөн хүмүүсийг вакциных нь байдлаар судалж үзэхэд 71.5 хувь нь огт дархлаажуулалтад хамрагдаагүй байсан.
Одоогоор эм тарианы тасалдал үүссэн асуудал гараагүй. Хэвтэн эмчлүүлэгсдэд ор дэрний ачаалал үүсээгүй.
ХӨСҮТ-д дэлгэсэн нийт орны 86 орчим хувийг улаанбурхан өвчний тохиолдолд ашиглаж байна.
Улаанбурхан өвчний есөн сартайд хийдэг байсан товлолт вакциныг зургаан сартайд хийж байгаа. Вакцины ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй" гэлээ.
Үргэлжлүүлэн вакцины хамрагдалттай холбоотой сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр хариулт өгөв.
Сэтгүүлч: Эндсэн тохиолдолд вакцины хамрагдалт ямар байсан юм бэ?
ХӨСҮТ: Вакцины нас нь болоогүй таван хүүхэд байсан. Нэгдүгээр тундаа ороогүй гэсэн үг.
Мөн нас нь болсон ч вакцинд хамрагдаагүй хоёр хүүхэд байсан. Амьсгалын дээд замын үрэвсэл буюу уушгины хатгалгаа хавсарсан шинж тэмдэгтэй байсан.
Одоо ХӨСҮТ-ийн Эрчим эмчилгээний тасагт нэн хүнд хоёр хүүхэд байгаа. Бусад хүндэвтэр хүүхдүүд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!