Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүмүүс уурхайд ажиллана гэхээс айдаг байсан бол өнөөдөр тэмүүлдэг болсон”

ikon.mn
2025 оны 6 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн арван жилд монголчууд бидний хөгжлийн нэгэн хөдөлгүүр, ярианы томоохон сэдэв болсон Оюу толгойн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх цаг айсуй.. Үүнтэй холбогдуулан блокчлон олборлох хэмээх эдийн засгийн өндөр үр ашигтай ч тун амаргүй аргыг зүй ёсоор нь хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтцийг бүтээн байгуулахад гар бие оролцож буй мянга мянган монгол залуусын төлөөлөлтэй бид ярилцлаа. Тэр бол инженер, “М Си Эс Проперти” компанийн Барилга угсралтын Ахлах менежер Л.Дэлгэрдалай.

Түүний баг хүдрийг 1.3 км-ийн гүнээс газрын гадарга руу тээвэрлэх 6.9 км урт туузан дамжуургыг бүтээн байгуулахад чухал үүрэгтэй оролцжээ. Энэхүү туузан дамжуурга нь газрын гүнээс олборлосон хүдрийг гаргаад баяжуулах руу хүргэх амин чухал байгууламжийн нэг.

Л.Дэлгэрдалай эрчим хүчний чиглэлээр олон жил ажилласан нагац ахынхаа инженер мэргэжлийн сайхныг, бүтээн байгуулалтын талаар бахдан хүүрнэхийг сонсоод сэтгэл татагдан анх ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийг зорьжээ. Ийнхүү инженер мэргэжлээр төгсөөд цахилгаан станцад хуваарилагдан хоёр жил ажиллаж, үйлдвэрлэл хэрхэн явагддагийг мэдэж авсан нь эдүгээ Оюу толгойн уурхайд амжилттай ажиллах үндэс суурь болсон аж. Аюулгүй ажиллагаа гэдэг зүйлийг өдөр тутамдаа мөрдлөг болгосон нь тэр үеэс эхтэй.

зураг
 

Тэрээр багадаа нисгэгч болохыг мөрөөддөг байж. Ингээд тэнгэрт хөөрөх ажилтай болъюу гэтэл хувь заяаны соньхон эргэлтээр бүр газрын гүнд 1300 метрийн гүнд ажилладаг болчих нь тэр. “М Си Эс Проперти”-ийн баг таван одтой Шангри-Ла гийн стандартыг хэрэгжүүлж, инженерийн цогц систем, нарийн засал чимэглэл, тансаг орчныг бүрдүүлээд дараагийн ажилдаа очсон чинь газрын гүн рүү орох нь тэр. Юу ч байхгүй, түнэр харанхуй. 2016 он. Ийнхүү Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалтын анхны туслан гүйцэтгэгчдийн нэг болов.

“Тэр үед одоогийн ChatGPT шиг асуучихаар юм байсангүй. Өөрсдөө сайн судаллаа ч Монголд төстэй кэйс үгүй. Бөөн айдас. Анх ороод “Яаая, бетон цутгаад, усалж тоосыг нь дараад юу ч гэсэн эхний ээлжид хүмүүсээ оруулаад ирэх юм сан” л гэж бодож байлаа. Юун тэр, барилга байгууламж, бутлуур барих. Бетон ч гэсэн зүгээр нэг асгаад цутгачихгүй шүү дээ.

Хадыг нь гартал ухна, нарийн хэмжилт, хяналтууд хийнэ, бетоноо 1300 метрийн гүн рүү буулгана, тээвэрлэж аваачна, маш гоё тэгш цутгана, олон улсын барилгууд ямар шаардлага тавьдаг тэр стандарт яригдаж байгаа юм чинь. Дээрээс нь ус цацаж чийглээд, гэрлээ асаагаад “За одоо дараагийнх нь юу вэ” гэх хүртэл овоо зам туулж байгаа юм. Яг тэгээд гэрлээ асаагаад ирэхэд сэтгэл дотор ч гэрэл орж ирээд. Тэр болтол тухайн үедээ хиймэл агааржуулалттай байсан тэр туннельд их юм бодогдсон.”

зураг
 

Ганц жижиг өргүүрээр 500м тутамд байрлах насосын засвар, түлшээ ч, тэсэлгээний бодисоо ч, хүмүүсээ ч зөөнө. Ажлын багажаа бариад хэдүүлээ (эхэн үед гүний уурхай дотор нэгэн зэрэг 50 орчим хүн л орох боломжтой байв) зүтгэсээр, удалгүй газар доороосоо шууд ус, цахилгаан ашигладаг, түлшээ авдаг, тэсэлгээний материалын агуулахтай ч боллоо. Энэ хэрээр гүний уурхайд олуулаа орж бүтээн байгуулалтаа хурдасгах нөхцөл бүрдсэн. Энэ болгон бүтээн байгуулалт байв. Өдгөө тэрхүү туннель газар доор 200 гаруй км урт үргэлжлэх хот болсон шүү дээ. Уурхайчдад хэрэгтэй бүхэн байдаг, нэг дор 300 хүн тээвэрлэх босоо амтай болсон байна.

“Бид нар дангаараа үүнийг бүтээгээгүй ээ. “Оюу толгой”, “Рио Тинто”-гийн багийнхан байна, манай ерөнхий гүйцэтгэгч Jacobs , “Worley Engineering.” Тэднийг дагаж орж ирсэн дэлхийн хэмжээний болон үндэсний олон компаниуд олноороо байгаа. Нэвтрэлт хийдэг Red Path, Thiess & Khishig Arvin Joint Venture, бидэнтэй адил уурхайн бүтээн байгуулалтад “Siemens,TKIS, FLS, Sempertrans, Bubenzer, Ampcontrol, ABB, Belle Banne, Tavan Ord, Energy International гэх мэт нэрлэж болно. Тэдний чадварлаг инженерүүд бидэнтэй хамтарч ажиллаад, бие биеэсээ суралцан зааж сургаад явахаар хурдтай хөгждөг юм байна.

Систем нь зөв тогтчихоор маш хурдтай дэвшээд, хийж чаддаг болоод явчхаж байгаа юм. Манай багийн хувьд тасралтгүй суралцсан он жилүүд байлаа.”

“Түүнийхээр, Оюу толгойн бүтээн байгуулалтын үр нөлөөг гагц эрдэс баялгийн хүрээнд харахаас илүү маш олон хүнийг бодитоор сургаж, ажлын үнэлж баршгүй туршлага олгосон, цаашид дэлхийн хаана ч томоохон бүтээн байгуулалт ахлаад явах боломжийг нээж өгсөн.”

“Монголд урьд өмнө хийгдээгүй маш олон зүйлийг Оюу толгойд хийсэн. Яривал энэ цаг хүрэлцэхгүй” хэмээсэн. Оюу толгойд ажиллахад бараг л өдөр болгон сорилт тулгардаг, өдөр бүр хийж буй зүйлс шинэ ч хамт олны нягт зохион байгуулалтаар давж чаджээ. 10-аад мянган хүнийг нэгтгэн удирдаж байгаагийн хувьд М Си Эс группт байгууллагын соёл их хүчтэй, анхнаасаа хүмүүсийг элсүүлэн авахдаа үнэт зүйлсээ сайн таниулдаг учир дарга, цэрэг гэлгүйгээр төслийнхөө зорилгод захирагдан ажиллаж чаддаг хэмээн онцолсон.

зураг
 

Төсөл ахих тусам процессууд улам л нягт нямбай болно, тэр нарийн ажиллагааг жаахан л алгасвал алдаа гардаг юм байна гэдгийг тэд маш сайн ойлгож авчээ. “Өөрт буй тоног төхөөрөмж, материалынхаа хүрээнд, нөхцөл бололцоондоо тааруулаад дөтлөн хийснийгээ монголчилчихлоо, амархан болгочихлоо, ийм амархан юмыг өч төчнөөн ажил болж хийх хэрэг юу байна гэх мэт яриа манайхан дунд цөөнгүй явдаг.

Анх очихдоо бид ч ялгаагүй л тэгдэг байлаа. Гаднын мэргэжилтнүүдэд “Ингээд л хийчихдэг шүү дээ” гээд хэлэхээр “Тэгж хийх боломжтойг ойлгож байна аа, гэхдээ энэ талаас нь харж үзсэн үү, ийм юм болбол яах билээ” гээд асуухаар нээрэн л яарвал даарна гэдэг шиг, бидний олж хараагүй, бодоогүй зүйлс зөндөө гарч ирдэг.” Бэлтгэл ажлаа сайн хангачихсан баг маш түргэн хугацаанд ажлаа хийж чаддаг. Гаднаас нь харахад ажлаа хийж өгөхгүй хойрго суугаа мэт, бичиг цаасан дээрээ юун их цаг зарцуулдаг юм бэ гэмээр харагдаж болох ч зөв төлөвлөчихсөн, бэлтгэлээ хангачихсан, хүрэх зам нь тодорхой, бүх хүний толгойд тод дурайчихсан байгаа болохоор бусдаас хавьгүй хурдан явдаг. 

зураг
 

Оюу толгойд ажилласнаар тэдний баг аюулгүй ажиллагаа гэдэг зүйлийг маш сайн ойлгодог болжээ.

зураг
 

Энэ нь ажил хийж байгаа хүнийг аюулгүй байлгаад зогсохгүй, асар их хариуцлага, сахилга бат суулгаж, цаг хугацаа хэмнэж, ажлын чанарыг баталгаажуулдаг дадалтай болгодог хяналтын ба сургалтын систем аж. Үүний зэрэгцээ цагийн менежментийг компаниараа сурч авав. Бид өдөр, шөнийн хоёр ээлжээр барилга угсралт хийдэг учраас маш нарийн төлөвлөхөд суралцсан. Хүн бүр ажил үүргээ сайн ойлгосон товлосон цагтаа хийхгүй бол дараагийн ажлууд хүлээлт, хоцролуудтай нүүр тулна. Ингэхгүйн тулд урьдаас ажилбар бүрээр нь задлан төлөвлөдөг. Гэсэн хэдий ч асуудал гарна түүнийг нээлттэй задлан ярилцаж, шийдэл олох нь чухал.

зураг
 

- “Оюу толгой” хэдий нэг том компани боловч дотроо хэдэн зуун жижиг төсөл байгаа шүү дээ. Таны Оюу толгойд ажиллах хугацаанд хийхээс хамгийн их сүрдэж байсан төсөл, ажил юу вэ?

- Гадарга руу зөөвөрлөх туузан дамжуургаас өмнө бид уурхай дотроо 1400 метр урт туузан дамжуурга угсарсан. Хүдрийн биетээ босоо ам хүртэл тээвэрлэх зориулалттай. Тэр туузан дамжуургыг хөтлөх 5.5 мВт-ын том хөдөлгүүр ирсэн чинь 20 тоннын чингэлгийг давхарлаад тавьчихсан аятай том юм харагдаж байгаа байхгүй юу. Задалж оруулаад угсраад ажиллуулна гэхээр санаанд багтахгүй л байлаа.

“Тэгээд яг Ковид 19 цар тахлын  үеэр тэр дамжуургын туузыг 18 градусын налуугаар уруудуулж татах болсон. Нэг тууз нь 40 тонн, дөрвийг залгахад л 160 тонн жин дарна гээд төсөөл дөө. Жаахан л алдаа гарахад доош уулын уруу 1400м алдчихна гэж бодохоор эрсдэл маш өндөр байсан. Хөл хориотой учраас гаднаас мэргэжилтнүүд ирж чадахгүй, гэтэл Монголд хэн ч үүнийг хийж байгаагүй. Бараг л амьсгалахад хэцүү гэхээр л мэдрэмжтэй өдрүүд байсан.”

зураг
 

Тэр өдрүүдэд замбараагүй бүх бодлоо хаяад, байж болох дээд төвлөрлийг мэдэрсэн дээ. Тэр ажлын ард амжилттай гарч чадсан учраас гадарга хүрэх 6.9 км туузан дамжуургын ажлыг монгол компанид итгэж өгсөн гэж боддог.  Хамт ажилласан залуус маань үүнийг уншиж байгаа бол баярлалаа гэж хэлмээр байна. Биднээр хийлгэсэн нь том зориг, том итгэл байсан. Тэр үед удирдлагуудын гаргасан энэ том шийдвэр зөв байсныг одоо ингээд яриад суух үнэхээр сайхан байна. Монголчууд бид суралцаад хийвэл болох юм байна гэдэг итгэл дүүрэн байна.

- Газрын гүнээс гадарга руу хүдэр тээвэрлэх туузан дамжуурга нь дэлхийд анхдагч юм байна. Энэ туузан дамжуурга юугаараа онцлог вэ?

- Туузыг нь дэлгээд тавивал 13.6 км болно. Өөрөөр хэлбэл Толгойт өртөөнөөс Ботаникийн цэцэрлэг хүрэхүйц урт.  Угсралтыг нь оролцуулаад хоёр жилийн хугацаанд гүйцэтгэсэн. Хамгийн чухал нь гэвэл байгальд ээлтэй технологи. Зүйрлэвэл хүдрийг уурхайн гүнээс БелАЗ-аар дээш зөөж гаргалаа гэхэд хэчнээн литр түлш шатаах вэ, тийм ээ? 

зураг
 

Миний харж байснаар, нэг литр дизель түлшийг шатаахад 2.7 кг нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Ганц литрээс шүү дээ. Цахилгаан эрчим хүч ашиглаад туузан дамжуургаар тасралтгүй зөөчих нь байгальд маш ээлтэй. Тасралтгүй ажиллагаатай учраас бүтээмж мэдээж нэмэгдэнэ. Хэдэн ч БелАЗ тасралтгүй яваад ийм хэмжээний бүтээмж үзүүлж чадахгүй.

Хоёрдугаарт, гүний уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндэд хор хөнөөлгүй. Автомат ажиллагаатай болчихоор хүмүүс маань гадаргаас удирдан ажиллах эрүүл аюулгүй орчинд ажиллах орчин бүрдэж байгаа юм. Хүн уурхайд ажиллахаас айдаг байсан бол одоо хүсэж тэмүүлдэг боллоо. Энэ бүхний цаана ийм, автомат системүүдээс бүрдсэн нүсэр бүтээн байгуулалт оршиж байгаа.

- Анх ачаалж туршсан өдрийнхөө сэтгэл хөдлөлөөс хуваалцаач?

- 6.9 км өгсүүр өөд саадгүй ажиллаад, хүдэр гадарга дээр гараад ирэхэд үнэхээр догдолсон. Саатал гарах вий дээ гээд амьсгаа даран хүлээж байлаа, нөхдийн хамт. Нэг л юм зогсвол систем тэр чигтээ зогсоно. Эхний хүдэр гадарга дээр гарч ирээд Баяжуулахын бункер уруу унах чимээ сонсоод бөөн баяр болсон.

зураг
 

Ингээд хийсэн, бүтээсэн систем нь саадгүй ажиллаж байгааг харах нь бүтээн байгуулагч хүмүүсийн мөрөөдлийн биелэл шүү дээ. Хүндрэлтэй хэцүү нөхцөлд 24 цагаар тасралтгүй ажилласан гээд төсөөлөхөөр маш үнэ цэнтэй мөч

- Та 14/14 өдрийн ээлжээр ажилладаг байх. Ажил нь үндсэндээ өндөрлөж байгаа гэж ойлголоо. Бараг 10 жилийн дараа ростероор ажиллахаа болино гэхээр ямар санагдаж байна?

- Оюу толгойдоо их дасчихсан байдаг юм байна. Багтайгаа ч бас их нягт болчихсон, ажилдаа дуртай. Тиймээс гэгэлзэж л байна. Анхдагч бутлуур 2-ын бүтээн байгуулалтаар үндсэн ажил маань шувтарч байна. Буцаад хотын оффистоо ирэх төлөвлөгөөтэй байгаа. Дараа дараагийн төслүүддээ оролцоно. Хотын оффис дээрээ бас угсралтын чиглэлээрээ 160 гаруй хүнтэй алба хариуцдаг.

зураг
 

Зөвхөн “М Си Эс Проперти” компанийн шугамаар 1900 гаруй хүн их бага хэмжээгээр “Оюу толгой” төсөлд оролцож ажиллажээ. Тус хамт олон “Оюу толгой” компаниас “Contractor of the Year” буюу “Оны шилдэг туслан гүйцэтгэгч” шагналыг хоёр ч удаа хүртсэн түүхтэй.

Дараагийн зорилт нь олон улсад хүчээ сорих. Монгол мэргэжилтнүүд маань нэг нэгээрээ гаднын уурхайд мэргэжилтэн болоод явж байгаа бахархууштай. Бид харин компаниараа, хамт олноороо гаднын төсөл дээр ажиллах боломжийг эрэлхийлж байгаа. Тийм санал хэзээ ч орж ирж магадгүй тул ирэхэд нь бэлэн байхын төлөө компаниараа цаг үргэлж алсын хараатай, эрүүл дотоод тогтолцоотой байх ёстой.

Л.Дэлгэрдалай “Монголын уул уурхайн салбарт эрдэс баялгаас гадна олон олон чадварлаг мэргэжилтнүүд байдаг юм шүү гэдгийг харуулж, Монголоос хүн хүч авбал туршлагатай, найдвартай, нягт нямбай байдаг юм гэдэг ойлголт өгөхийн төлөө манайхан хичээж байна” гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.