Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын засаг захиргаа Харвардын их сургуулийн гадаад оюутан элсүүлэх зөвшөөрлийг цуцалж байгаагаа зарласан билээ.
Ингэснээр одоо тус сургуульд суралцаж буй гадаад оюутнууд өөр сургуульд шилжих, эсвэл визээ цуцлуулах эрсдэлтэй тулгарсан юм.
АНУ-ын холбооны шүүх Баасан гарагт Трампын шийдвэрийн хэрэгжилтийг түр хойшлуулах захирамж гаргасан.
Харвардын их сургуулийн захиргаа бас Трампын засаг захиргааг шүүхэд өгөөд байна.
Тэгвэл өчигдөр Хонконгийн боловсролын газар эргэлзээтэй байдалд орсон Харвардын гадаад оюутнуудад хаалгаа нээж, өөртөө татах арга хэмжээ авахыг их сургуулиуддаа уриалжээ.
Тэдний түрүүч нь ийм арга хэмжээ авч эхлээд байгаа юм.
Тухайлбал Хонконгийн Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль Харвардад суралцаж буй гадаад оюутнуудад нээлттэй урилга илгээж байгаагаа Баасан гарагт зарласан байна.
“Манай их сургууль сонирхсон оюутнуудад саадгүй шилжих боломж, хялбаршуулсан элсэлтийн журам, эрдэм шинжилгээний ажлын дэмжлэгийг санал болгож байна” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ.
Times Higher Education World University Rankings байгууллагаас гаргадаг дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад Хонконгийн таван сургууль багтдаг.
Одоогоор Харвардын их сургууль Азийн орнуудаас 2,000 гаруй оюутан элсүүлээд байгаа гэсэн мэдээлэл бий.
Мөн одоо суралцаж буй гадаад оюутнуудын 1,200 орчим нь Хятадаас элссэн гэдэг.
Баасан гарагт Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин тус улс “боловсролын хамтын ажиллагааг улс төржүүлэхийн эсрэг байна” гэж мэдэгдээд энэ алхам нь “АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх”-ийг анхааруулж байв.
Трампын засаг захиргаа Харвардын зөвшөөрлийг цуцалсан нэг шалтгаанаа тус сургуулийг Хятадын Коммунист Намтай хамтран ажилладаг гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|