НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр/2025.05.26/ үргэлжилж, "Багахангайн мах боловсруулах үйлдвэр" ОНӨАТҮГ-ыг татан буулгах асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн зарим нь алдагдсан хөрөнгийг олж байж, татан буулгах хэрэгтэй гэсэн саналыг гаргав.
Тухайлбал төлөөлөгч Б.Золтуяа: "Багахангайн мах боловсруулах үйлдвэр" ОНӨАТҮГ-ын хөрөнгийн дутуу бүртгэлийг цагдаагийн байгууллагаар шалгуулах, алга болсон хөрөнгийг нэхэмжлэх субъект байхгүй болчих тул хойшлуулах саналтай байна.
Төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Төрийн их хөрөнгийг алга болгочхоод үйлдвэрийг татан буулгаж байгаа бол хулгайг өөхшүүлж, дэмжиж байна гэсэн үг. Шалгадаг байгууллагуудаар нь шалгуулж байж татан буулгах нь зүйтэй гэсэн санал гаргасан юм.
НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат "Нийслэлийн Засаг даргын 2025 оны хоёрдугаар сард захирамж гарч, Багахангайн мах боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлыг судалж, санал танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан юм.
Ажлын хэсгээс бүх материалыг татаж, хянахад 2014, 2015 онд үйлдвэрийг барьцаанд тавьж банкнаас зээл авч, авсан зээл нь үр дүнгүй зарцуулагдсан тул шүүхийн шийдвэрээр үйлдвэрийг битүүмжилсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор ХХБанканд тавьсан өрийн асуудлаар уулзалт зохион байгуулж, 423 сая төгрөгийн зээл авсан нь баримтаар нотлогдож, өрийг төлж барагдуулсан асуудал гарсан.
ШШГЕГ-аас үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэхдээ нэг бүрчлэн тогтоосон зүйл байхгүй. Мах боловсруулах цехийн байр гэж ерөнхий битүүмжилсэн. Дотор нь байсан зургаан ширхэг контейнерийг ХХБ худалдан борлуулсан гэж ярьдаг. Хөрөнгийн чанар байдлаас шалтгаалж Багахангай дүүргийн иргэдэд худалдан борлуулсан тооцооллуудаа гаргаж өгсөн. Хэлцэл хийх явцад энэ дүнг хассан. Битүүмжлэлтэй холбоотой, дотор нь байсан эд хөрөнгийг гэмт хэргийн шинжтэйгээр алдсан байж болзошгүй гэх асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Үйлдвэрийг татан буулгалаа гэхэд энэ асуудлууд алга болохгүй. Үйлдвэрийн урсгал зардалд 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл нийслэлээс 760 сая төгрөг өгчээ. Энэ хооронд ямар ч арга хэмжээ аваагүй байдалтай байна.
Өмчийн асуудал хамгаалах эрх нь НЗД болон өмчийн харилцааны газарт байгаа хүрээнд асуудлыг цаашид хууль, шүүхийн байгууллагаар шалгуулж, дуустал нь мухарлах боломж байгаа гэж үзэн үйлдвэрийг татан буулгах тогтоолыг хэлэлцүүлж байгаа юм" гэж тайлбарлав.
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Багахангайн мах боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулахгүй ч одоогийн байдлаар гурван хүнийг цалинжуулж байгаа. Эдгээр гурван хүний цалинг хэмнэж, үйлдвэрийг татан буулгаж урсгал зардлаа хэмнэе гэж байгаа юм. Үйл ажиллагаа явуулахгүй, асуудалтай байгаа байгууллагуудаа зоригтой татан буулгаж, салах зүйлээсээ салахгүй бол шийдэгдэхгүй олон байгууллага байгаагийн нэг жишээ нь Багахангайн махны үйлдвэр" гэлээ.
Төлөөлөгч Т.Батцогт: Энэ маш ноцтой асуудал. Өөрийн гэсэн байр, тоног төхөөрөмж, газартай мах боловсруулах үйлдвэрийн менежментийг зохион байгуулж, 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл нийслэл урсгал зардлыг тодорхой түвшинд шийдэж өгсөн байх юм. Гэтэл энэ хугацаанд ямар үр дүн өгсөн бэ. Гурван хүний тогтмол цалинг өгч байна, татан буулгая гэж өрөвдөлтэй юм ярьж болохгүй. Нийслэлийн өмчит байгууллагад хулгай гарчихсан, ноцтой асуудлууд байна. Үүний цаана өөр ямар ийм байгууллага байгааг бид мэдэхгүй байна. Үр дүнгүй ажиллаад байна гэж байгуулсан үйлдвэрүүдээ нэг, нэгээр нь татан буулгаад байх нь муу жишиг болно. 2010 оноос хойш татвар төлөгчдийн мөнгийг өгөөд хүн цалинжуулаад байсан юмуу. Удирдаж байсан хүмүүс нь ямар хариуцлага хүлээх асуудлыг ярихгүй байна.
Багахангайн махны үйлдвэрийг татан буулгахгүйгээр, шалгалтын ажлыг үргэлжлүүлэх саналтай байна.
Уг саналыг олонх дэмжээгүй юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан төлөөлөгч З.Төмөртөмөө: Багахангайн махны үйлдвэрийн асуудлыг ойлголоо.
Саяхан "Улаанбаатар Спорт менежмент" ХК-ийн даргаар Э.Хулан төлөөлөгчийг томилсон байна лээ. Улаанбаатар спорт менежментийн асуудалд цаашид анхаараарай. Зүүн Азийн наадамд зориулж барьсан спортын барилгын дээвэр нь нурсан байсан. Уг наадам болоод хоёр жил өнгөрлөө. Нурсан барилга л байгаа.
Төрийн юмыг дураараа самарч байгаад гарч дараагийн ажлаа хийгээд явчихдаг тогтолцоогоо болимоор байгаа юм. Үүнийг анхаарах хэрэгтэй.
Бид нар ч гэсэн ажил хийж байхдаа хотын хөрөнгө мөнгийг шамшигдуулж байгаад шууд хаяад явчхаж болохгүй. Ийм зүйлд хариуцлага тооцох зарчмын зөв шаардлагыг төлөөлөгчид хэлж байна.
Төлөөлөгчдийн санаа, оноог сайн сонсож бай. Тэнэг хүмүүс энд орж ирж суудаггүй юм. Иргэдтэй очиж уулздаг, санал бодол солилцдог, хар амьдрал мэддэг хүмүүс энд сууж байгааг дарга нар анхаарч ажиллана биз дээ хэмээн санал хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|