ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 5 сарын 1
IKON.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг сумдад 2025 оны тавдугаар сарын 1-ны өдрийн байдлаар гарсан ой, хээрийн дөрвөн гал түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллагын нийт 261 алба хаагч, 24 автомашин, хоёр нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангиас 343 хүн, 67 автомашин, буюу түймрийн голомтод нийт 605 хүн, 91 автомашин, хоёр нисдэг тэрэгтэй ажиллаж байгааг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. 

Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг Хан-Хэнтий тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэрийн Майн зоо гэдэг газар 29-ний өдрийн 10:40 цагт ойн түймэр гарсан түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.

Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг тавдугаар сарын 1-нд хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа аж. 

Түймэрт урьдчилсан байдлаар 1,897 га талбай өртсөн гэдэг мэдээлэл байна.

Ташрамд дурдахад, 2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нийт 80 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.