Пүрэв гарагийн шөнө Украины нийслэл Киев хот Оросын пуужин болон нисгэгчгүй онгоцны олон цаг үргэлжилсэн довтолгоонд өртсөний улмаас 12 хүний амь үрэгдэж, 90 орчим хүн шархаджээ.
Энэ нь өнгөрсөн оны долдугаар сараас хойш Киев хотод тохиолдсон хамгийн их хохиролтой халдлага болсон байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү эмгэнэлт явдлын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг шүүмжилж, дайнаа зогсоохыг шаардсан нь ховор үзэгдэл байв.
“Киев хот руу Оросын тал довтолсонд миний сэтгэл дундуур байна. Энэ бол шаардлагагүй, цагаа олоогүй үйлдэл юм. Зогс! Владимир! Долоо хоног бүр 5,000 цэрэг үхэж байна. Энхийн гэрээгээ байгуулцгаая!” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Украин-Оросын хооронд энхийн гэрээ байгуулахад зуучлах АНУ-ын хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй байгаа нь сүүлийн үед Трампыг нэлээд бухимдуулж байгаа.
Лхагва гарагт тэр Крымийн хойгийг Оросын мэдэлд үлдээх саналыг нь эсэргүүцсэн Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг “дайныг сунжрууллаа” хэмээн шүүмжилж байв.
Украины нутаг дэвсгэрийн нэг хэсэг болох Крымийг 2014 онд Орос улс хүчээр өөртөө нэгтгэсэн юм.
Трампын засаг захиргаа бас зарим хэсэг нь Украины хяналтад байгаа Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудын газар нутгийг одоогийн фронтын шугамын дагуу Оросын мэдэлд хэвээр үлдээх нөхцөлийг энхийн гэрээндээ тусгасан гэх мэдээлэл бий.
Гэсэн хэдий ч Путин гал зогсоолгүй дайнаа үргэлжлүүлсээр байгаа нь Трампын санаачилсан буулт үр дүнд хүрэх шинжгүйг харуулж байна.
Өчигдөр үдээс хойш Цагаан ордны зууван танхимд Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стёретэй уулзах үеэрээ Трамп энэ асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өгсөн юм.
Энхийн яриа хэлэлцээнд Путин ямар хувь нэмэр оруулж байгааг асуухад Трамп “Украиныг бүхэлд нь эзлэн авах санаанаасаа татгалзсан нь түүний хувьд маш том буулт юм” гэж хариулжээ.
Гэхдээ Украин болон Европын ихэнх орнууд Орос улс эзлэн түрэмгийллээ түр завсарлахыг буулт гэж үзэхээс эрс татгалзаж байгаа юм.
Крым болон бусад эзлэгдсэн газар нутгаа Оросын хяналтад үлдээхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүйгээ Зеленский удаа дараа мэдэгдэж байгаа.
Путинийг шүүмжилсэн нь Трампаас гарах ховор үйлдэл юм. Өмнө нь тэр дайныг зогсооход Оросын тал Украинаас илүү идэвх чармайлттай байгааг олон удаа илэрхийлж байлаа.
Өчигдөр бас Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон дайнаа үргэлжлүүлж байгаа ч энх тайвныг хүсэгч мэт худал дүр эсгэхээ зогсоох ёстойг Путинд анхааруулжээ.
“Бид ганц л хариултыг хүлээж байна. Ерөнхийлөгч Путин ямар нэг болзолгүйгээр гал зогсоохыг үнэхээр хүсэж байна уу? Америкчуудын уур хилэн зөвхөн нэг хүн дээр төвлөрөх ёстой Энэ бол ерөнхийлөгч Путин” гэж Мадагаскарт хийж буй айлчлалынхаа үеэр Макрон хэлсэн юм.
Францын гадаад хэргийн яам бас Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал хадгалагдах ёстойг мэдэгджээ.
“Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлын зарчим бол тохиролцож болдог зүйл биш. Энэ бол өнгөрсөн долоо хоногт Парист болсон уулзалтын үеэр илэрхийлж, өчигдөр Лондонд болсон ижил зорилготой уулзалтын үеэр дахин бататгасан байр суурь юм” гэж Францын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Кристоф Лемуан хэлсэн байна.
Трампын тусгай элч Стив Виткофф энэ долоо хоногт Москвад айлчилж, Путинтэй уулзах тухай Мягмар гарагт Цагаан ордноос мэдээлж байлаа.
Энэ нь тэдний дөрөв дэх уулзалт болох юм.
Өчигдөр бас АНУ-ын батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзсан байна.
НАТО-гийн гишүүн 32 улсын удирдагчид хоёр сарын дараа Нидерландад чуулах юм.
Энэ үеэр Трампын засаг захиргаа батлан хамгаалах зардлаа өсгөхийг Европын холбоотнуудаасаа шаардах нь тодорхой байгаа.
Украины дайны хоёр дахь жил буюу 2023 онд НАТО-гийн гишүүн орнууд тус тусын батлан хамгаалах зардлыг хамгийн багадаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2 хувьд хүргэхээр тохиролцож байв.
Пүрэв гарагт гаргасан НАТО-гийн жилийн тайланд өгүүлснээр тус эвслийн 22 гишүүн өнгөрсөн онд энэ зорилтдоо хүрсэн нь анхны төсөөлж байсан 23-д хараахан хүрээгүй байна.
“2025 онд манай гишүүн орнууд НАТО-г үндэсний батлан хамгаалах хүчнийхээ гол давуу тал хэвээр байлгахын тулд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Бидний цаашдын эрх чөлөө, хөгжил цэцэглэлт үүнээс хамаарах болно” гэж Рютте дээрх тайланд бичжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!