Уншиж байна ...

ТАНИЛЦ: ОХУ-тай 20 жилийн хугацаатай хамтарсан компани байгуулж, агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай гэрээний онцлох заалтууд

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 4 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэж байна. 

20 жилийн хугацаатай уг хэлэлцээрт ОХУ-тай хамтарсан компани "Чингис хаан" олон улсын нисэх буудлын дэд бүтцийг удирдах болон ашиглах асуудлыг хариуцах тухай заажээ. Хамтарсан компанийн 60 хувь нь Монголынх, 40 хувийг Оросууд эзэмших аж. Монголын талаас "Эрчис ойл" ХХК, Оросын талаас НК Роснефть компаниуд энэхүү хамтралд багтана. 

Ямар шалтгаанаар ОХУ-тай хамтарсан компани байгуулж, олон улсын чанартай нисэх буудлын дэд бүтцийг ашиглах гэж байгаа талаар Засгийн газраас дараах танилцуулгыг бэлджээ. Үүнд: 

"Өнөөгийн байдлаар манай улс манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байна. Сүүлийн таван жилд ТС-1 агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөөр байгаа. Энэхүү өсөн нэмэгдэх хандлагатай агаарын хөлгийн түлшний хэрэглээг зах зээлийн боломжит доод үнээр нийлүүлснээр хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахаас гадна иргэдэд хүрэх нислэгийн тийзний үнэ буурахад тодорхой хувиар нөлөөлөл үзүүлэх боломжтой. Цаашид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ болон ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас экспортын хязгаарлалт хийх, татвар нэмэгдүүлэх шийдвэр гарч болзошгүй бөгөөд энэ нь манай улсын агаарын хөлгийн түлшний нийлүүлэлтэд нөлөөлж, хомсдол үүсгэж болзошгүй юм. Иймд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулснаар агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, "Чингис хаан" ОУНБ-ын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартад нийцсэн шатахууныг тогтвортой нийлүүлэх боломж бүрдэнэ" гэсэн байна. 

Хэлэлцээрийн төсөл дэх онцлох заалтуудыг танилцуулж байна. 

Дөрөвдүгээр зүйл

  1. Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын "Чингис хаан" олон улсын нисэх буудлын (цаашид Цогцолбор гэнэ) дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна.
  2. Хамтарсан компани нь "Чингис хаан" нисэх буудалд агаарын хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор цогцолборыг удирдах болон ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
  3. Хамтарсан компанид агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажлыг Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ. 
  4. "Чингис хаан" нисэх буудалд агаарын хөлгийн түлш худалдах (нийлүүлэх, хадгалах, цэнэглэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх) үйл ажиллагааг хамтарсан компани хийж гүйцэтгэнэ. 
  5. Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана. 

Тавдугаар зүйл

Цогцолборыг үр дүнтэй ашиглах зорилгоор Монголын тал дараах баталгааг өгнө. Үүнд: 

  • Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад цогцолборыг ашиглахад зөвшөөрлийн баримт бичгүүд, лиценз болон бусад баримт бичгийг олгох, 
  • Цогцолборын удирдлага, ашиглалт , хөгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагааны хүрээнд оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагын албан хаагчид Монгол Улсын хилээр нэвтрэх, гарах, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, 
  • Цогцолборыг ашиглах, хөгжүүлэхэд шаардлагатай бараа материал, барилга угсралтын техник болон тоног төхөөрөмжийг Монгол, Оросын улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн хялбарчилсан горимоор оруулах,
  • оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагын уйл ажиллагаанд ижил тэгш хандах, түүнчлэн хөрөнгө оруулалтыг ялгаварлан гадуурхах байдлыг үгүйсгэн, хууль ёсны дагуу хамгаалах,
  • монголын тал нь оросын талын итгэмжлэгдсэн байгууллага Монгол Улсын аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу шаардлагатай хэмжээгээр газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхэд ижил төрлийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж буй Монгол Улсын хуулийн этгээд болон гуравдагч улсын хуулийн этгээдэд тавьдаг нөхцөлөөс дутуугүй таатай нөхцөлд уйл ажиллагаа явуулах боломжийг олгох,
  • хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдолтой төлбөр, тэр дундаа Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалтыг нь хураан авсны нөхөн төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс саадгүй шилжүүлэх.

Зургаадугаар зүйл

  • Монголын тал энэхүү хэлэлцээрийн дагуу оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалт хийсний үр дунд авах орлого, тэр дундаа ногдол ашиг, хувь, хүү, лиценз болон комиссын урамшуулал, мөн бусад хөрөнгийг шууд болон шууд бусаар өмч хураах, улсын өмч болгох эсхүл албадан хураах, мөн өмч хураах, улсын өмч болгох эсхүл албадан хураахтай дүйцэхүйц бусад арга хэмжээнээс хамгаалах баталгаа олгоно.
  • Монголын тал оросын талын итгэмжлэгдсэн байгууллага арилжааны гэрээг хэрэгжүүлэх зорилгоор эсхүл түүний үр дүнд олсон мөнгөн эсхүл биет хэлбэрээр чөлөөтэй буцаан авах эрхийн баталгаа болон оросын талын итгэмжлэгдсэн байгууллагатай байгуулсан арилжааны гэрээг хэрэгжүүлэх явцад төлбөр тооцоог цаг тухайд нь бүрэн гүйцэд хийхэд баталгаа олгоно.
  • Монголын тал шууд эсхүл шууд бусаар өмч хураах, улсын өмч болгох, албадан хураах, мөн түүнчлэн төрийн өмчлөлд шилжүүлэх буюу шаардах эрхтэй тэнцэхүйц бусад арга хэмжээний үр дүнд актив, эд хөрөнгө, эрх, ашиг сонирхлын нөхөн олговрыг оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын тодорхойлсон хараат бус үнэлгээний байгууллагын эд хөрөнгө, эрх, ашиг сонирхлыг зах зээлийн үнэлгээг буулгахад нөлөөлөх сөрөг үр дагаврыг тооцохгүйгээр тогтоосон зах зээлийн бүрэн үнийн дүнгээр нэн даруй олгоно. Нөхөн олговор нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс багагүй байна, мөн үнэлгээ нь. 

Долдугаар зүйл 

  • Энэхүү хэлэлцээр гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон эсхүл хамтарсан компанийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх цогцолборын үйл ажиллагаа болон бүх төрлийн хөрөнгө оруулалт, нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлыг доройтоход хүргэсэн өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээр үйлчлэхгүй болно. 
  • Энэхүү хэлэлцээр гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт орж, татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх татварын төлбөр нэмэгдэх, гадаад ажилчдын квот нэмэгдэх эсхүл багасах, эсхүл энэхүү хэлэлцээр гарын үсэг зурснаар хойш шинэ татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр, гадаад ажилчдын квот шинээр нэвтрүүлэх, түүнчлэн энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах үед оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон эсхүл хамтарсан компанид энэхүү хэлэлцээрээр болон Монгол Улсын хууль тогтоомжоор олгож байсан хөнгөлөлт, давуу эрхийг цуцлах нь энэ зүйлийн зорилгын хүрээнд оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын нөхцөл байдал нь доройтсон гэж үзнэ. 

Есдүгээр зүйл 

  1. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын хийсэн хөрөнгө оруулалттай маргаан, санал зөрөлдөөнийг монголын болон оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын хооронд зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэж, тэдгээр нь цаашид маргаанд оролцогч талууд гэгдэнэ. 
  2. Хэрэв маргаан эхэлсэн өдрөөс хойш 2 сарын хугацаанд шийдвэрлэхгүй тохиолдолд талуудын аль нэг талын хүсэлтээр ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхэд түүнийг холбогдох дүрэм, журмын дагуу шилжүүлнэ. 
  3. Арбитрын шүүхийн шийдвэр нь эцсийн бөгөөд талууд заавал биелүүлнэ. 

Арваннэгдүгээр зүйл 

  • Энэхүү хэлэлцээрийн заалтууд нь Монгол Улс болон ОХУ-ын хооронд үйлчилж буй ижил асуудал зохицуулсан бусад олон улсын хэлэлцээрээс давуу эрхтэй байна...