“Бүгдээрээ архи уухаа больцгооё” гэдэг үг одоо бараг тэнэг сонсогдох болжээ.
“Архи амьдралын дайсан, Монгол Улс архинд живлээ” гэх мэтээр бичих нь цаг, цаас хоёрын гарз болох биз. Архийг бид үргэлж муу хэлнэ. Гэтэл архинд буруу байхгүй.
“Сархад савнаасаа бусдыг дийлнэ” гэдэг ч худал. Энэ бол архи уух дуртай хүмүүс буруугаа бусад руу чихэх гэж зохиосон үг. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш архи гэгч ундааг зохиож, хэрэглэж ирсэн. Бидний түүх бас ирээдүй “хатуу юм”-тай аль нэг сэмжээрээ холбоотой.
Архичин хүн муу муухай яваагаа хэзээ ч өөрөөсөө болсон гэж хэлэхгүй. “Энэ муу архинаас л” гэнэ. Монголчууд архины хэрэглээгээрээ дэлхийд толгой “цохиж”, архи хувь хүн, гэр бүлийн аз жаргалтай амьдрал, эдийн засгийг сүйрүүлж буйг өнөө сархад руу чихэж аль байдгаар нь хараах ажээ. Үнэндээ бол архийг бид өөрсдөө үйлдвэрлээд өөрсдөө ууж байгаа тул гол буруутан нь архи биш харин муухай монгол хүн юм.
Хамгийн арчаагүй, сэтгэлийн тэнхээгүй, залхуу хүмүүс архи уучихаад арслан мэт аашилж бусаддаа гай зовлон дууддаг. Мөн ухаантай, хүн чанартай, өрөвч сэтгэлтэй, тусч бидний ярьдгаар “жинхэнэ эр” хүмүүс өөдгүй долигонуур амьтдын гайгаар “ганц юм”-ны мэдэлд очиж, амьдралаараа хохироод архичин болсон жишээ зөндөө бий.
“Архи идээний дээж” гэж өвгөд хэлдэг байлаа. Харин энэ бол үнэн үг. Сархадыг идээний дээж хэмээн хүндэтгэж сайн найз, ахмад настнууддаа барьдаг байсан нь монголчуудын уламжлал. “Идээний дээж” гэсэн нь архи сурталчилсан хэрэг огт биш. Харин ч архинаас алс хол байж эрхэм хүндэт хүнтэйгээ, хаа нэгхэн ганц, хоёр хундага төдий хэрэглэж байхыг сургамжилсан эртний ухаантнуудын маань үг байсан гэж бодогддог юм.
Мөн хэтрүүлэн хэрэглэвэл архи гэгч муу муухай бүхний үндэс болохыг мэддэг тул эмээж ийнхүү хүндэтгэсэн болов уу.
Бусдыг чин сэтгэлээсээ ойлгоход, амьдралын баяр жаргалыг мэдрэхэд, цаг уур, орчинтойгоо зохицоход тунг нь тааруулсан сархад хэрэгтэй байдаг гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Ганц хундагаар аливаа өвчнийг анагаах арга ч бий. Архийг ар өвөргүй муулж, хараан зүхэвч сархадаас салангид амьдрал энэ дэлхийн хаана ч алга. Тэгэхээр одоо яах ёстой вэ.
Алтан шумуул мэт ам руу ордог гэх архины муу, муухайг бичих шиг амархан юм үгүй. Үүнд тоон үзүүлэлт бараг шаардлагагүй байх. Өөрөөр хэлбэл монголчууд архи, уудгаараа дэлхийд алдартай болсныг, хүүхдүүд сархад хүртэж байгааг, согтуугаар машин бариад амь насаараа хохирч эсвэл шоронд ордог явдлыг, архинаас болж аль байдгаа алдаж хүн биш болж буйг нотлох шаардлагагүй.
10 жилийн өмнөхөөс байдал огт өөр болж, эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн архины нөлөөлөл багассан ч бидний өнөөгийн спиртлэг ундааны хэрэглээ ямар нэг механик арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд орсон хэвээр байна.
Мэргэжлийн хяналтын газрынхны гаргасан нэг баримтыг дурьдахад бид жилд 107106 тонн согтууруулах ундаа үйлдвэрлэж түүнийгээ уугаад мансуурч суудаг ажээ. Үүнийгээ хүн амынхаа тоонд хуваавал нэг иргэнд 37,7 литр болно гэсэн байна. Үүнд импортоор оруулж ирсэн согтууруулах ундааны тоо ороогүй. Тэгэхээр жилд хэчнээн ч литр спирттэй ундаа уугаад байгааг “Чөтгөр бүү мэд”.
Бид буурай хөгжилтэй байгаад давуу тал бас байна. Хөгжлөөрөө хорвоод гайхагдчихаад байгаа улс орноос шууд “copy paste” хийх боломжтой тул асуудал шийдэх гэж толгойгоо “гашилгах” шаардлагагүй. Яг ийм жишгээр авах нэгэн арга хэмжээ нь Архины хяналтын тухай хууль юм.
Энэ хуульд хамгийн чухал нэг зүйл бий. Энэ бол архийг хаа дуртай газраасаа авдаг явдлыг эцэс болгох. Өөрөөр хэлбэл 38-аас дээш хатуулагтай архи, виски бусад согтууруулах ундааг тусгай дэлгүүрүүдээр хяналттай борлуулж, шар айраг, дарс зэрэг хатуулаг багатай согтууруулах ундааг супермаркетуудаас авч болдог байх зохицуулалт.
Мэдээж ийм заалттай хууль батлуулахад нэлээд эсэргүүцэлтэй тулна. Архи үйлдвэрлэгчид, найман нэрийн барааны дэлгүүрийн эзэд, хүнсний сүлжээний боссууд босоод ирэх байх. Гэвч тэдний эрх ашиг Монголын 2,9 сая иргэний эрх ашиг биш. Олонхио цөөнх нь хүлээн зөвшөөрөх ардчиллын зарчмын дагуу ийм зохицуулалтыг нэн даруй хийе.
Хатуулаг багатай бусад төрлийн согтууруулах ундаа зарахыг зөвшөөрөх тул дэлгүүрүүд ашгаа огцом алдаж, дампуурна гэж бодох хэрэггүй. 38-аас дээш хатуулагтай согтууруулах ундаа худалдах дэлгүүрийн зөвшөөрлийг ард түмний саналаар хаана, хэдийг байгуулахаа шийдэж тэднээс өндөр татвар авснаар сархад борлуулах цэгийн тоог бууруулж, хяналт тавьж болох юм билээ. Америкаас эхлээд хөгжилд хүрсэн орнуудад ч архи асуудал болсоор байгаа.
Хүн төрөлхтөн архинаас ангид биш гэдгийг энэ нотлоно. Гэвч архины асуудлыг тэд ийм аргаар зохицуулж байна. Тиймээс бид ч бас Архины хяналтын хуулиа яаравчилж энэ хаврын чуулганаар батлах хэрэгтэй болж. Гудамж бүрт, орон сууцны байр болгоны нэгдүгээр давхарт архи зардаг дэлгүүр бий. Тэндээс хэн дуртай нь хатуулаг ихтэй архи авч уух боломжийг хазаарлаж чадвал архины хэрэглээг дор хаяж 30 хувиар багасгаж болох юм билээ.
Түүнээс биш “Архи битгий уу” гээд, Ерөнхийлөгч нь шинэ жилээр оргилуун дарсны оронд сүү бариад ч “амьтан”-ы инээд хүргэхээс цаашгүй болж.
Цаг нь болсон учрал гэвэл одоо энэ байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ хуулийн автор нь болохоор өнгөрсөн жил нэлээд их ярив, PR-дав. Гэвч хийх ярих хоёрт нь алд, дэлмээс илүү зөрүүтэй явж ирэв.
Олуулаа болж орж ирсэн парламентын бүсгүйчүүд ч энэ хуулийн төслийг дэмжиж батлуулна хэмээн ам ангайгаад алга боллоо.
Сонгууль болгоны өмнө парламент дахь эмэгтэйчүүдийн квот ярихад бүсгүй хүний нарийн, торгон мэдрэмжийн тухай дурсдаг. Яг одоо парламентад суугаа бүсгүйчүүд та бүхнийг Монголын бүх эмэгтэйчүүдийн төлөөлөл гэж бодож байна. Тиймээс хүүхнүүдийн нарийн нандин ухаанаа гаргаж, энэ хаврын чуулганаар Архины хяналтын тухай хуулийг батлуулчихвал ар нь OK болж, 16 онд айлтгүй гэсэн үг.
Үүнийг ч гэсэн бодоод эмэгтэйчүүдийн бүлгийн тань хийх ёстой чухал ажил энэ биш гэж үү. Бүсгүйчүүд та нар л шоу хийхгүйгээр, нам засаг гэхгүйгээр үүний төлөө зүтгэ, үгүй бол эрчүүд хөдлөхгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!