Саяхан Донецк мужийн нутгаас Оросын армийн бүрэлдэхүүнд байлдаж байсан Хятадын хоёр иргэнийг олзолсноо Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэж байв.
Тэгвэл өчигдөр тэр энэ мэдээллийг улам бататгаж, Оросын армид Хятадын 150 гаруй иргэн сайн дурын үндсэн дээр нэгдсэн гэх мэдээллийг тагнуулын албанаасаа авсныг зарлажээ.
Зеленский бас Хятадын хоёр иргэнээр Оросын талд олзлогдсон өөрийн цэргүүдийг солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Киев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр тэр онлайнаар Оросын армид элссэн гэх Хятадын 155 иргэний хувийн мэдээллийн жагсаалтыг сэтгүүлчдэд үзүүлжээ. Энэ үеэр Зеленский мөн иргэд нь Украинд байлдаж байгааг Бээжингийн албаныхан мэдэж буйг хэлсэн байна.
Украины дайн эхэлснээс хойш Иран улс Оросын талд дрон нийлүүлж, Умард Солонгос албан ёсоор цэргээ илгээж байсан.
Харин Хятад улсын хувьд ямар нэг зэр зэвсгийн тусламж дэмжлэг үзүүлэхээс зайлсхийсээр ирсэн юм.
АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тамми Брюс хэвлэлийн хурлын үеэр Хятадын иргэд Оросын талд байлдаж байгаа тухай мэдээлэлд “санаа зовж” байгаагаа илэрхийлжээ.
“Хятад улс бол Украины эсрэг Оросын явуулж буй дайны гол дэмжигч юм” гэж хэлсэн тэрбээр Оросын талд нэн чухал шаардлагатай цэрэг дайны зориулалтаар давхар ашиглах боломжтой бараа бүтээгдэхүүний 80 орчим хувийг Хятад улс нийлүүлж байгааг мэдэгдсэн байна.
Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас мөн Бээжингийн эрх баригчдыг “Оросын дайны гол түшиг тулгуур” гэж нэрлэжээ.
“Хэрвээ Хятад улс дэмжлэгээ зогсоохыг хүсвэл чухал нөлөө үзүүлэх нь тодорхой” гэж тэр хэлсэн байна.
Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жянь өчигдөр Бээжинд болсон ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус улс Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэж байгааг мэдэгджээ.
“Хятадын засгийн газар өөрийн иргэдэд мөргөлдөөний бүс нутгуудаас хол байхыг, аливаа мөргөлдөөнд оролцохгүй байхыг, ялангуяа аль нэг талын байлдааны ажиллагаанд оролцохгүй байхыг үргэлж анхааруулдаг” гэж тэр хэлснээс үзвэл Украинд олзлогдсон иргэд нь сайн дурынхан болохыг илэрхийлсэн хэрэг бололтой.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!