Төгрөг нуурын ордын тойрсон улс төрчдийн маргаан үргэлжилж байна.
Өнгөрөгч долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандан “Та бол 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор зарсан хүн. Өөрийн хутгасан асуудлаа нэг талд нь гаргаж, энэ олон компаниудтайгаа учир холбогдлоо олж асуудлыг шийд гэдэг долоо хоногийн хугацааг танд өгч байна” хэмээн чангахан дуугарсан.
Н.Учрал сайдын Х.Баттулга гишүүнд өгсөн долоо хоногийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Х.Баттулгыг Засгийн газарт ямар хариу өгөх бол хэрэв хариулт өгөхгүй бол засаг талаас ямар үйлдэл гаргах бол гэдэг хүлээлт үүсээд буй.
Тэгвэл Х.Баттулга гишүүн өчигдөр Өрөг сайтын ярилцлагад орохдоо Төгрөг нуурын ордтой холбоотой хариултаа бараг өгчихлөө.
Тэрбээр “ЗГХЭГ-ын дарга нь хүн гүтгээд Төгрөг нуураа өг гэнэ. Минийх юм бол би 100 хувь өгье. Бусад нь бас 100 хувь өгчих гэж уриалмаар байна. 40 гаруй гишүүн уул уурхайн лиценз эзэмшдэг юм шиг байна билээ. Тэгвэл бүгдээрээ л өгье.
Ордуудын 34-50 хувийг Баялгийн санд төвлөрүүлье гэдэг дээрээс л нөгөөдүүл чинь зохион байгуулалттайгаар хэрэг эрхлэх газрын даргыг ашиглаж байх шиг байна билээ. Би тэгж дүгнэсэн. Би гишүүдтэйгээ орон нутгаар тойрч яваад иргэдтэй уулзахдаа тэр Төгрөг нуурын ордыг хурааж ав гэж ярьсан. Төгрөг нуурын ордыг минийх гэдгийг нотлох юм бол би 100 хувь өгөхөд бэлэн байна" гэв.
Ийнхүү Х.Баттулга "Чаддаг юм бол Төгрөг нуурын орд минийх гэдгийг баталчих" гэдэг "даалгавар"-ыг Засгийн газарт өглөө.
Долоо хоногийн хугацаа нь дууссан ч хангалттай хариулт авч чадаагүй Н.Учрал сайд ямар арга хэмжээ авахыг харах үлдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!