Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглэгчдэд хэрэглээг ойртуулсан үзэсгэлэнг нээлээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 16
iKon.MN

Монгол зон олны өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн Цагаан сарын баяр хаяанд ирж, нийслэл хот хөдөлгөөнд оров. Учир нь хаврын тэргүүн сарын шинийн 1-ний бэлэгт сайн өдөр энэ сарын 31-нд тохиож байгаа.

Ийнхүү баярын урь орсонтой холбогдуулан нийслэлийн болоод орон нутгийн иргэд, үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж, компаниуд “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд өчигдөр нээлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд ноос, ноолуур, арьс шир, оёдол, гоо сайхан, гоёл чимэглэл, хүнсний  болон өрхийн жижиг, дунд үйлдвэрлэгчид гээд 500 орчим аж ахуй нэгж оролцож байна. Үзэсгэлэнгийн гол ач холбогдол, зорилго нь хэрэглэгч Цагаан сарын баярын идээ ундаа, бэлэг сэлтээ нэг дороос хямд үнээр цуглуулах юм.

Тухайлбал, бусад худалдаа үйлчилгээний төвүүдээд 2500-4500 төгрөгөөр зардаг монгол оймсыг та, эндээс 1100-3500 төгрөгөөр авах жишээтэй. Учир нь худалдаачдын гар дамжихгүй үйлдвэрлэгчээс шууд таны гарт очиж байгаа билээ.

Хүүхдийн оймс

  • Даавуун – 1100 төгрөг
  • Ноосон – 2700 төгрөг

Том хүний оймс

  • Даавуун – 1500-1700 төгрөг
  • Ноосон – 3500 төгрөг

Харин цагаан идээний үнэ арай үнэтэй байна гэж хэрэглэгчид шүүмжилж байсан.

  • Тогооны өрөм – 8000-12000 төгрөг
  • Хөлдүү сүү – 3000 төгрөг (1кг)
  • Аарц – 2000 төгрөг (1кг)
  • Ааруул – 8000-12000 төгрөг (1кг)
  • Сүүн ааруул – 15000 төгрөг (1кг)
  • Хэвлэсэн том ааруул – 5000 төгрөг (1ш)
  • Мэхээртэй тос – 14000 төгрөг (1кг) 

Түүнчлэн дээлэн дээр зүүх өргөн ширэн бүс 25-50 мянга, хөөрөгний даалин 4000-50 мянга, ноосон бээлий 5000, савхин бээлий 10 мянга, эрэгтэй эмэгтэй монгол дээл 150-850 мянга, монгол гутал 95-260 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. 

Харин хэвийн боовны үнэ үйлдвэрлэсэн компаниасаа хамаарч 1950-3999 төгрөг, еэвэн 3500-8500 төгрөгийн үнэтэй байсан.

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдаа өчигдрөөс эхлэн 10 хоног үргэлжлэх бөгөөд “Дүнжингарав” худалдааны төвд ч мөн болж байгаа юм.