Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн энэ оны эхний улирлын борлуулалтын тоо баримт өчигдөр нийтэд ил болжээ.
2025 оны эхний гурван сарын хугацаанд тус компани жилийн өмнөх мөн үеэс 13 хувиар бага буюу 337,000 орчим автомашин борлуулсан нь төсөөлж байснаас муу үр дүн болсон байна.
Энэ нь Теслагийн хувьд сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн муу үзүүлэлт болжээ.
Теслагийн борлуулалт буурсныг Хятадын BYD компанийн зүгээс өрсөлдөөн эрчимжсэн, бас компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн улс төрийн үйл ажиллагаатай холбоотой гэж ажиглагчид дүгнэжээ.
Компани өөрөө энэ уналтыг хамгийн эрэлттэй загварынхаа шинэ хувилбарт шилжих шилжилтийн үе шаттай холбон тайлбарласан байна.
Гэхдээ зарим хөрөнгө оруулагчид үүнд эргэлзэж, Маскаас өөрөөс нь болсон гэж дүгнэжээ.
“Тоонууд үнэхээр аймшигтай” гэж Теслагийн хөрөнгө оруулагчдын нэг Gerber Kawasaki Wealth and Investment Management компанийн гүйцэтгэх захирал Росс Гербер сошиал хуудсандаа дүгнэн бичсэн байна.
Нэг үе Маскийн хамгийн хүчтэй дэмжигчдийн нэг байснаа сүүлд түүнийг Теслагийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөхийг уриалах болсон Гербер “Брэндийн унасан нэр хүндийг сэргээх боломжгүй ч байж магадгүй” гэж цааш нь бичжээ.
Борлуулалтын мэдээ нийтлэгдсэний дараа Лхагва гарагийн өглөө Теслагийн хувьцааны ханш унасан юм. Гэвч үдээс хойш нь зарим хэвлэлээр Маскийг засгийн газрын ажил үүргээс удахгүй чөлөөлөх тухай ерөнхийлөгч Трамп ойрын хүрээнийхэндээ ярьсан гэх мэдээлэл цацагдсаны дараа ханш буцаад өссөн байна.
Гэхдээ Цагаан ордон сүүлд дээрх мэдээг “ор үндэсгүй” хэмээн няцаажээ. Үүний улмаас арилжаа хаагдсаны дараа ханш дахин унаж эхэлсэн байна.
Дэлхийн хамгийн баян хүнд тооцогддог Илон Маск өнгөрсөн оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг $270 орчим саяар ивээн тэтгэж, хоёр дахь удаагаа сонгогдоход нь тусалсан юм.
Одоо тэр Трампын засаг захиргааны төсвийн хэмнэлт, үр ашигтай байдлыг хариуцсан агентлагийг удирдаж байгаа.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!