Хойд Ирландын гольфчин Рори Макилрой өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Хьюстоны нээлттэй тэмцээнээс $338,000-ыг урамшуулалд авснаар PGA-гийн цуврал тэмцээнээс $100 саяыг олсон хоёр дахь тамирчин боллоо.
Түүнээс өмнө АНУ-ын алдарт гольфчин Тайгер Вудс л ийм орлого олсон анхны тамирчин болж байв.
Өдгөө 35 настай ирланд эр 2010 онд PGA-гийн анхны тэмцээндээ оролцсон цагаас хойш 262 тэмцээнд оролцохдоо 28 цом өргөсөн билээ.
Харин 49 настай Т.Вудс 2012 онд $100 саяын орлого олсон. Одоогоор 378 тэмцээнд оролцохдоо 82 түрүүлсэн амжилтаараа $120 саяын орлого олсон үзүүлэлтээр тэргүүлж байна.
Тэдний ард домогт Фил Микельсон $97 саяын орлогоор бичигддэг. Гэхдээ 54 настай америк эр 2022 оноос PGA-г орхиж, Саудын Арабчуудын дэмжлэгээр байгуулагдсан "LIV Golf tour" тэмцээнд оролцох болсон юм.
Жагсаалтын дөрөвт $76 саяын орлоготой Дастин Жонсон, тавд дэлхийн чансааг тэргүүлж буй Скотти Шеффлер $75 саяын орлогоор бичигдсэн юм.
PGA болон Европын DP World Tour холбоо Саудын Арабын нийтийн хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгээр байгуулагдсан "LIV Golf Tour" холбоотой нэгдэхээр 2023 оны зургаадугаар сараас хойш хэлэлцэж буй.
Одоогоор дөрвөн гол тэмцээн болох Мастерс, Америкийн аварга шалгаруулах, нээлттэй тэмцээн болон Америкийн нээлттэй тэмцээнээр л тамирчид холбоо харгалзахгүй өрсөлдөх боломжтой юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!