Өчигдөр буюу Даваа гарагт Францын шүүх тус улсын хэт барууны үзэл баримтлалтай намын улс төрч Марин Ле Пэнд ял оноосноор түүний улс төрийн замналд томоохон саад учрууллаа.
Түүнийг Европын Парламентын хөрөнгийг буруу зорилгоор ашигласан хэрэгт буруутгаж, дөрвөн жилийн хорих ял, таван жил төрийн албанд ажиллахыг хориглох шийтгэл оноосон байна.
Дөрвөн жилийн хорих хугацааны хоёр жилийг нь тэнсэн харгалзах ялаар сольж, үлдсэн хоёр жилийг гэрийн хорионд өнгөрүүлэх шийдвэр гарчээ.
Бас түүнд 100,000 еврогийн торгууль оноосон байна.
Ле Пэний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ. Гэхдээ давж заалдаад ялсан ч түүний төрийн албаны хориг хэвээр үлдэх юм.
Энэ тохиолдолд Ле Пэн 2027 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болж байна.
Ле Пэнтэй хамт шийтгүүлсэн намын гишүүд нь тус бүр 10 хүртэл жилийн хорих ял сонсжээ.
Ле Пэн болон түүний хамтрагчид 2004-2016 оны хооронд Европын парламентад ажиллахдаа 4 сая гаруй еврог хууль зөрчин өөрийн Үндэсний Ралли намын үйл ажиллагаанд зарцуулсныг шүүх тогтоосон байна.
Одоо 56 настай Марин Ле Пэн 2017 ба 2022 оны Францын ерөнхийлөгчийн сонгуулиудад одоогийн ерөнхийлөгч Эммануэл Макронд ялагдаж байсан юм.
Сүүлийн жилүүдэд түүний намын нэр хүнд Францын олон нийтийн дунд өсөж байгаа.
2024 оны сүүлээр эхэлсэн шүүх хурлын үеэр Ле Пэн “намайг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болгох улс төрийн зорилготой” хэмээн өөрт нь тулгасан хэргийг шүүмжилж байв.
“Миний төлөөлдөг улс төрийн хүчинд 11 сая хүн саналаа өгсөн. Тиймээс маргааш сая сая францчууд нэр дэвшигчгүй болох гэж байна” гэж тэр өчигдөр шүүхийн өмнө мэдэгджээ.
Ингэснээр 2021 онд Ле Пэнээс намын даргын суудлыг залгамжилсан 29 настай Жордан Барделла 2027 оны сонгуульд нэр дэвших төлөвтэй болж байна.
1972 оноос 2018 оны хооронд Үндэсний Фронт нэртэй байсан Францын хэт баруунтнууд, үндсэрхэг үзэлтнүүдийн намыг Марин Ле Пэний аав Жан Мари Ле Пэн үүсгэн байгуулж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!