Г.Хишигсайхан марафоны ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 4 сарын 1
IKON.MN
Зураг зураг

БНХАУ-ын Жайшинг хотод өнгөрсөн сарын 30-нд марафоны Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) боллоо.

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 17 тамирчин хурд сорьсон юм. Манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, Ц.Бямбажав, Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа нар оролцов.

Эрэгтэйчүүдийн ангилалд Хойд Солонгосын тамирчин Хан Ри Ён 2:11:18 цагаар барианд орж түрүүллээ. Өдгөө 24 настай гуулин эр тивийн тэмцээнээс анхны медалиа хүртсэн юм.

БНХАУ-ын Чен Цияню мөнгө, Японы Марүяама Тацүя хүрэл медаль зүүлээ.

Манай тамирчдаас Б.Сэр-Од 2:15:14 цагийн амжилтаар VI, Ц.Бямбажав 2:23:59 цагаар барианд орсноор 14 байр эзлэв.

Эмэгтэйчүүдийн ангилалд БНХАУ-ын Ву Бин 2:26:01 амжилтаар анх удаа тивийн аварга болжээ. Хойд Солонгосын Ри Вон Ок, Монголын Г.Хишигсайхан нар мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

Г.Хишигсайхан өнгөрсөн жилийн тивийн тэмцээнээс алтан медаль хүртэж байсан билээ.

Сонирхуулахад марафоны ААШТ-ээс монголчууд хошой алт, нэг мөнгө, хос хүрэл медаль хүртсэн. Б.Сэр-Од 2013 онд алт, 2008 онд мөнгө, Ц.Бямбажав 2017 онд хүрэл авсан түүхтэй.