Кремлийн бодлогыг дэмжигч парламентын гишүүнийг нь оргоход тусалсан Оросын гурван дипломатчийг нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэрийг Молдова улсын засгийн газар өчигдөр гаргажээ.
“Дипломат статусаа зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон тул ийм шийдвэр гаргаж байна” гэж Молдовын гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Ингэхдээ дипломатчидын нэрсийг дурдаагүй байна.
ОХУ-ын гадаад хэргийн яам Молдовын эрх баригчдын авсан арга хэмжээнд зохих хариуг өгөхөө мэдэгджээ.
Даваа гарагийн өглөө Молдовын аюулаас хамгаалах алба тус улсын парламентын гишүүн Александр Нестеровский гуравдугаар сарын 18-ны өдөр нийслэл Кишинёв хот дахь ОХУ-ын элчин сайдын яамны байранд нэвтэрч байгааг харуулсан дүрс бичлэгийг нийтэд ил болгосон юм.
Маргааш нь Нестеровский дипломат дугаартай автомашинаар элчин сайдын яамны байрнаас гарч, Оросын дэмжлэгтэй Молдоваас салан тусгаарласан Приднестровын бүс нутаг руу явжээ.
Энэ өдөр Молдовын шүүх түүнд улс төрийн хууль бус санхүүжилтийн хэргээр 12 жилийн эчнээ хорих ял оноосон юм.
Кишинёв дахь ОХУ-ын элчин сайдын яам өчигдөр парламентын гишүүнийг оргуулахад ямар нэг үүрэг гүйцэтгэснээ үгүйсгэжээ.
“Молдова улсын эрх баригчдад өдөөн хатгасан гүтгэлэг таамгаасаа татгалзаж, прагматик яриа хэлэлцээнд эргэн орохыг бид уриалж байна” гэж элчин сайдын яамны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Нестеровский нь Оросын талаас авсан мөнгөө одоо үйл ажиллагаа нь хориглогдоод байгаа Шор намын дансанд шилжүүлсэн хэрэгт буруутгагджээ.
Шор намын дарга Илан Шор одоо ОХУ-д орогнож байгаа юм.
Үүнтэй ижил хэрэгт буруутгагдсан Молдовын бас нэг парламентын гишүүн Ирина Лозован одоо эрэн сурвалжлагдаж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт энэ хэрэгт холбогдсон Молдовын өөртөө засах бүс нутаг Гагаузын тэргүүн Евгения Гутул баривчлагджээ.
2022 онд Украины дайн эхэлснээс хойш Молдова улсын засгийн газар дотоод хэрэгт нь оролцсон үндэслэлээр ОХУ-ын олон арван дипломат ажилтныг нутаг дэвсгэрээсээ хөөгөөд байгаа юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!