Трамп уур бухимдлаа илэрхийлсний дараа Украинд энх тайван тогтоох ажил үргэлжилж байгааг Кремль мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт NBC News сувгаар ярихдаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөв дэх жилдээ үргэлжилж буй Украины дайны галыг зогсоох хичээл зүтгэл нь урагшгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлсэн билээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долоо хоногт Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг огцруулж, тус улсад НҮБ-ын оролцоотой түр засгийн газар байгуулах санааг нэгэн арга хэмжээний үеэр ярьсан юм.

Путиний энэ санаа өөрийг нь “маш их уурлуулсан” талаар Трамп хэлээд Украинд энх тайван тогтоох хичээл зүтгэлд нь саад учруулбал Оросын газрын тосыг худалдаж авдаг орнуудын бараа бүтээгдэхүүнд импортын нэмэлт татвар оноохоор сүрдүүлж байв.

Тухайлбал 25 хувийн хоёрдогч татвар нэмж оноосноор нийт татварын хэмжээг 50 хувьд хүргэх тухай Трамп ярьсан юм.

Оросын газрын тосыг худалдан авдаг гол орнууд нь Хятад, Энэтхэг билээ.

Өчигдөр Трампын мэдэгдлийн талаар сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад Оросын тал Украинд энх тайван тогтоох асуудлаар үргэлжлүүлэн ажиллаж байгааг мэдэгджээ.

“Бид юуны өмнө өмнөх засаг захиргааны үед ихээхэн муудсан хоёр орны харилцааг хэвийн түвшинд хүргэхийн тулд Америкийн талтай үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Бид бас Украины асуудалтай холбоотой зарим санааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажил үргэлжилж байгаа. Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Энэ нь маш нарийн төвөгтэй асуудал тул цаг хугацаа их шаардахаар байна” гэж Песков хэлсэн юм.

Дональд Трамп нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөсөө хойш ОХУ-ын талтай илүү найрсаг харилцаж, Украины эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг шүүмжлэх хандлагатай байсан.

Харин Ням гарагт түүний хийсэн мэдэгдэл нь бараг анх удаагаа Путинийг болон Орос улсыг шүүмжилсэн байр суурь илэрхийлсэн хэрэг байлаа.

“Хэрвээ Украинд цус урсгах явдлыг зогсоох талаар Оростой тохиролцоонд хүрч чадахгүй бол, энэ нь Оросын буруугаас болсон гэж үзвэл би Оросоос гарч буй бүх газрын тосонд хоёрдогч татвар оноох болно. Оросын газрын тосыг худалдаж авдаг улс орнууд АНУ-д бизнес эрхлэх боломжгүй болно” гэж Трамп ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Сүүлд тэр сэтгүүлчидтэй уулзахдаа Путиний хандлагад сэтгэл дундуур байгаагаа дахин илэрхийлсэн ч бас “Бид алхам алхмаар ахиц дэвшил гаргаж байгаа гэж би бодож байна” гэж хэлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ХАХА
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа