Баасан гарагт АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс тэргүүтэй төлөөлөгчид Гринланд арал дээр оршдог өөрийн цэргийн баазад зочилсон юм.
Энэ үеэр Вэнс стратегийн өндөр ач холбогдолтой тус арлыг Орос, Хятад зэрэг улсуудын болзошгүй түрэмгийллээс хамгаалахад хангалттай хүчин чармайлт гаргахгүй байгаа Дани улсыг шүүмжилж байв.
Дэлхийн хамгийн том арал Гринланд нь Дани улсын харьяанд өөртөө засах эрхтэй оршдог юм.
Бямба гарагт Дани улсын гадаад хэргийн сайд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн мэдэгдлийн “өнгө аяс”-ыг шүүмжилж, тус улс Умард Туйлын аюулгүй байдалд хангалттай хөрөнгө оруулж байгаагаа мэдэгджээ.
Бас энэ тал дээр АНУ-тай хамтран ажиллахад нээлттэйг илэрхийлсэн юм.
Данийн гадаад хэргийн сайд Ларс Локке Расмуссен “Буруутгасан, шүүмжилсэн яриа олон удаа гарч байна. Мэдээж бид шүүмжлэлд нээлттэй. Гэхдээ бидэнд мэдэгдлийн өнгө аяс таалагдахгүй байгааг би шударгаар хэлмээр байна. Хэн ч ойрын холбоотонтойгоо ингэж ярьдаггүй. Би Дани, АНУ хоёрыг холбоотон гэж үздэг” гэж хэвлэлд ярьжээ.
Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдэгдлийн хариуг хэвлэлээр өгөхдөө “Бид үүнийг цэрэг зэвсгийн хүч хэрэглэхгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж би бодож байна. Энэ бол даян дэлхийн энх тайван, олон улсын аюулгүй байдлын асуудал. Гэхдээ би ямар ч арга хэрэглэхээс буцахгүй” гэж ярьсан байна.
NBC сувгийн сэтгүүлч түүний энэ байр суурь Украины эзлэгдсэн газар нутагт байр сууриа бэхжүүлэх хүсэлтэй байгаа Оросын ерөнхийлөгч Путинд ямар дохио болж болохыг асуухад Трамп “тэр надад хамаагүй” гэж хариулжээ.
Вэнсийг АНУ-ын цэргийн баазад зочлохын өмнөх өдөр буюу Пүрэв гарагт Гринландын хууль тогтоогчид эвслийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн юм.
Энэ сарын эхээр болсон сонгуулиар Гринландын парламентын 31 суудлын 23-ыг нь авсан дөрвөн нам эвслийн засгийн газар байгуулахаар болжээ.
Тэд бүгд Трампын санаархлын эсрэг зогсохоор санал нэгдсэн байна.
Бямба гарагт Данийн нийслэл Копенхаген хот дахь АНУ-ын элчин сайдын яамны гадна хэдэн зуун хүн эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, “Гринландаас савраа татахыг” Вашингтоны эрх баригчдад уриалж байв.
1951 онд байгуулагдсан засгийн газар хоорондын гэрээгээр Гринланд арал дээр АНУ-ын цэргийн баазууд байрлах болсон юм.
Гэхдээ 1945 оноос хойш хамгийн оргил үедээ Гринланд арал дээр АНУ-ын 17 бааз, хэдэн мянган цэрэг байсан бол өнөөдөр ганцхан Питуффикийн агаарын бааз 200 орчим цэрэгтэй үлджээ.
Дани улсын засгийн газар энэ оны нэгдүгээр сард Умард Туйлын аюулгүй байдлыг хангахад 14.6 тэрбум дани кроны ($2.1 тэрбум) хөрөнгө нэмж оруулах болсноо зарлаж байв. Үүнд тэнгисийн гурван хөлөг онгоц, алсын зайн дронууд, хиймэл дагуулууд зэрэг зэвсэг техник багтжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!