Уншиж байна ...

Л.Хосбаяр: Нийслэлийн ямар дарга метро төслийг гацаасан гэдэг алдааг хаймааргүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаан өнөөдөр/2025.03.25/ болж байна. Хуралдааны эхний асуудал метро төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлах тухай байв.

Төлөөлөгч Л.Хосбаярын танилцуулснаар метро төсөл нь 15 өртөөтэй, зургаан вагонтой байх бөгөөд 2030 онд өдөрт 464,649 хүн зорчино гэсэн тооцоолол гарчээ. Вагон явах хоорондын хугацаа 4.5 минут байна. 14 өртөө нь газар доор, нэг өртөө газрын түвшинд байх бол иргэдийг дамжин суух боломжоор хангах аж.

Метроны газар доогуурх буудал дагуу ЖДҮ эрхлэгчид бүтээгдэхүүнээ худалдан борлуулах үйлчилгээний цэгүүдийг байгуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Өртөөний байгууламж нь гурван давхар, цахилгаан шаттай байх юм байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэлэлцэж буй асуудлаар асуулт хариулт явагдаж байна.

Төлөөлөгч Б.Эрдэнэсүх: Нийслэлчүүд хэдэнд онд метрогоор зорчиж эхлэхийг асуухад Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай "Метро төсөл одоогийн ТЭЗҮ-ийн төлөвлөгөөний дагуу 2030 оны аравдугаар сард ашиглалтад орно" гэв.

Төлөөлөгч О.Зундуйдорж: 2011, 2013 онд метро төслийн ТЭЗҮ хийгдсэн боловч яагаад өнөөдрийг хүртэл метро бариагүй юм бэ? 2030 онд нээлтээ хийх гэж байгаа метро төслийн төсөв 2.4 тэрбум ам.доллар байна. Гэвч өмнө нь метрог барьсан бол 1.3 тэрбум ам.доллар зарцуулах байсан. Мега төслийг хэн гацаасан бэ?

Төлөөлөгч Л.Хосбаяр "2011, 2013 онд метро төслийн ТЭЗҮ-ийг ЖАЙКА олон улсын байгууллага хийсэн. Одоо зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа БНСУ-ын компани ч хамтарч хийж байсан юм билээ. 

Цаг хугацааны алдагдлыг нөхөж баршгүйг Улаанбаатар хотын иргэд биеэрээ мэдэрч байгаа.

Нийслэлийн хэн гэдэг дарга байхдаа метро төслийг хэрэгжүүлээгүй вэ гэдэг алдааг өмнөх үеэс хаймааргүй байна. Яагаад гэвэл метроны төсөл 1.3 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэй том төсөл. 2011, 2013 онд Монгол Улсын эдийн засаг энэ хэмжээний мега төслийг хэрэгжүүлэх хэмжээнд хүрээгүй байсан гэж харж байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орж, УИХ-ын бодлогын бичиг баримтад метро төслийг зайлшгүй хэрэгжүүлэх зохицуулалт орсон энэ цаг үед төслийн ТЭЗҮ эцэслэгдэж байгаа учир метро төслийг хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Төслийг хэрэгжүүлэх үед төлбөр мөнгөн дээр гацахыг үгүйсгэхгүй. Нийслэлийн засаг дарга болон метро төслийн баг 85%-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг олоход санаачилгатай ажиллаж байгаа юм".

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалай "2011 онд “Сүүсон инженеринг” компаниар хийлгэсэн метро төслийн ТЭЗҮ-ийг хэрэгжүүлэхэд тэр үеийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй гэсэн олон зөвлөмжтэй байсан.

2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагаас 2011 оны ТЭЗҮ-д үндэслэж эдийн засгийн хувьд хэрхэн үр ашигтайгаар метро төслийг хийвэл тохиромжтойг боловсруулж байсан. Тэр үед манай улсын эдийн засаг болон олон улсын тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан метро төсөл хэрэгжээгүй гэж би ойлгосон. 

2020-2024 онд манай улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдсэн. Одоогийн шинэчилсэн ТЭЗҮ-ээр метро төслийг хэрэгжүүлэхэд өндөр үр өгөөжтэй нь санхүү, эдийн засгийн олон судалгаагаар тогтоогдсон. Тухайлбал эдийн засгийн дотоод үр өгөөж буюу олон улсад ТЭЗҮ-ийг хэмжих нэгжээр Монгол Улсын эдийн засгийн хувьд 12%-аас дээш үр өгөөжтэй гарвал төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Метро төсөл нь уг нэгжээр 16.54%-тай гарсан" гэж тайлбарлалаа.

Хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг