Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч "Автобус-1" ОНӨҮГ-ын ажилчид энэ сарын 8-наас эхлэн гурван өдрийн турш ажил хаясан билээ.
Тус компанийн ажилчид цалингаа нэмүүлэх тухай асуудлаар удаа дараа компанийн удирдлагуудад хандсан ч тэдний хүсэлтийг хүлээж аваагүй учраас ажил хаяхаас аргагүйд хүрсэн тухай тус компанийнхан мэдээлж байсан.
Бид энэ асуудлаар буюу "Автобус-1" компанийн удирдлагууд дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тус компанийн мэдээллийн ажилтан Б.Биндэръяагаас тодрууллаа.
-Танай ажилчид ажлаа хэвийн явуулж эхэлсэн гэсэн. Ямар шийдэлд хүрсэн бэ?
-Компанийн удирдлага, ажилчидтай зөвшилцөх гурав хоног үргэлжилж байна. Мөн ажилчдын хүсэлтээр манай санхүүд аудитын шалгалт ороод байна. Удирдлагууд ажилчдын тавьсан шаардлагыг аль болох шийдвэрлэхийг хичээж байна. Гэхдээ ажилчид ажил хаялт зарлахаас тав хоногийн өмнө удирдлагууддаа бичгээр мэдэгдсэн байх ёстой. Гэтэл манай ажилчид ямар ч мэдэгдэл хийлгүйгээр ажил хаясан нь хууль зөрчсөн болоод байгаа юм. Тиймээс манай хуулийн зөвлөх хуулийн байгууллагад хандсан байгаа.
-Ажилчид удирдлагууддаа ямар хүсэлт тавьсан юм бэ?
-Ажилтнууд эхний ээлжинд таван зүйлийг шаардаж түүнийгээ Үйлдвэрчний эвлэлийн зарим удирдлагаар дамжуулан автобус баазын захиргаа болон хотын удирдлагуудад өгсөн юм билээ.Тухайлбал, хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоож бууруулах, цалин хөлсийг зөв бодох, хууль бус суутгал хийхгүй байх, түлш шатахуун ажилчдаар төлүүлдгийг таслан зогсоох, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг дэмжиж ажилладаг болгох, тулгамдсан асуудлуудыг хамтын гэрээ хэлэлцээрээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх, компанийн бүх удирдлагад хариуцлага тооцож, мэргэжлийн багаар солих, захиргааны зарим орон тоог цомхотгох зэрэг шаардлага тавьсан.
-Нийслэлийн Засаг дарга ажил хаясан хүмүүст хариуцлага тооцох үүрэг өгсөн. Ямар хариуцлага тооцох бол?
-Энэ хэрэг шүүхэд шилжсэн учраас шүүх шийдвэр гаргасны дараа хариуцлага тооцно. Гэхдээ бүх ажилчиддаа хариуцдага тооцохгүй. Ажил хаясан эхний өдөр 108 автобус үйлчилгээнд гарах ёстойгоос 18, хоёрдахь өдөр 40 гаруй автобус гарсан. Гуравдахь өдөр үдээс хойш гэхэд бүгэд жигдрээд ажилдаа гарсан. Тиймээс энэ ажлыг зохион байгуулсан, турхирсан хүмүүст хариуцлага тооцно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!