Энэ сарын 15-ны өдрийн байдлаар Дундговь аймагт хоёр тохиолдол батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдлээ.
Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцоос улаанбурхан батлагдсантай холбоотой Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар болсон юм.
Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарсан байна.
Улаанбурханы батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьталд ХӨСҮТ-ээс аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн багтай хамтран 2,600 хүнийг хяналтад авч, 720 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулж, хариу арга хэмжээг үргэлжлүүлж буй.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!