Уншиж байна ...

Киргиз-Тажикистаны хилийн Кызыл-Бел, Кайрагач шалган нэвтрүүлэх хилийн боомтыг дахин нээлээ

Г.Мөрөн, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Тажикстан Улсын ерөнхийлөгч Эмомали Рахмоныг Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийх үеэр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр Бишкек хотноо хоёр улсын ерөнхийлөгч нар "Улс хоорондын хилийн тухай гэрээнд" гарын үсэг зурлаа.

Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров "Эрхэм хүндэт Эмомали Шарипович бид хоёр Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс хооронд найрамдалтай нөхөрсөг сайн хөршийн харилцааг цаашид бэхжүүлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлсэн билээ.

Бид, хөрш хоёр улс хоорондын хилийн тухай гэрээ байгуулсан явдал түүхэн чухал ач холбогдолтой билээ. Киргиз-Тажикистан хоорондын улсын хил нь цаашид ахан дүүс хоёр улс, ард түмний мөнхийн найрамдлын хил байх болно” гэж онцлон тэмдэглэв.

Баримт бичигт гарын үсэг зурсны дараа хоёр улсын ерөнхийлөгч нар хилийн зэвсэгт мөргөлдөөний улмаас 2021 оны хавар хаагдсан Киргиз-Тажикистаны хилийн Кызыл-Бел, Кайрагач шалган нэвтрүүлэх хилийн боомтыг дахин нээх онлайн ёслолд оролцлоо.

Мөн гуравдугаар сарын 14-ний өдрөөс Бишкек-Душанбе, Бишкек-Хужанд чиглэлд нислэг үйлдэж эхлэх бөгөөд хоёр улсын хилийн бүс хоорондын нийтийн тээврийн автобусны үйлчилгээг сэргээхээр болжээ.

Талууд мөн “Найрамдал, сайн хөршийн харилцааг цаашид бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл” зэрэг нийт 16 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Хоёр улс хоорондын худалдааны хэмжээг 500 сая ам.долларт хүргэхээр тохиролцож, “Төв Ази-Өмнөд Ази-1000 (“CASA-1000”) цахилгаан дамжуулах, худалдаалах“ төслийг эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа харилцан илэрхийлжээ.

Түүнчлэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров Төв Азийн улс орнууд нэгдсэн нэг визтэй болохыг санал болголоо.

"Төв Азийн улс орнуудын иргэд хоорондоо харилцан визгүй зорчиж, бусад гуравдагч орны иргэдэд зориулж Шенгений визтэй нэгэн адил, Дундад Азийн бүс нутагт чөлөөтэй зорчих нэгдсэн нэг визтэй болох ажлыг эхлүүлэх хэрэгтэй" гэж С.Жапаров олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудаснаа мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад Суугаа Элчин Сайдын Яам