Ойрын өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар салхи шуурга ихтэй байгаа тул хээрийн түймэр гарах эрсдэлтэй харин баруун аймгуудын нутгаар зузаан цасан бүрхүүлтэй байсан тул дулаарч шар усны үеэр болох эрсдэлтэй байгаа талаар цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.
Зүүн аймгуудын иргэдийн анхааралд:
Зүүн аймгуудын нутгаар 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн гурван аймгийн нутгаар салхи шуурга ихтэй, салхины хурд 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна.
Тус бүс нутгаар цас багатай байгаа бөгөөд салхины нөлөөгөөр хөрсний хуурайшилт улам нэмэгдэх тул болзошгүй хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байж, тус бүс нутгаар зорчиж байгаа иргэд галын аюулгүй байдлын дүрмийг чанад мөрдөхийг анхааруулав.
Баруун аймгуудын иргэдийн анхааралд:
Баруун аймгуудын нутаг бусад нутгийг бодвол харьцангуй их цастай, ялангуяа Увс, Завхан аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн хойд талын сумдаар 17-25 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн баруун аймгуудын нутгаар өдөртөө агаарын температур өмнөх хоногуудаас харьцангуй дулаарч байгаа тул хаврын шар усны үер гуу жалга, сайр, авто зам дагуу урсах эрсдэлтэй байгаа тул орон нутгийн иргэд болон тус бүс нутгаар зорчиж байгаа аялагч, тээвэрчид сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!