Трампын тусгай элч Стив Виткоф дайны гал зогсоох АНУ-ын төлөвлөгөөг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулахаар Пүрэв гарагт Москва хотод хүрэлцэн очсон юм.
Тэрбээр Москвагийн Внуково нисэх буудалд хөл тавьснаасаа хойш 12 цаг гаруй хугацааны дараа буцсан байна.
Гэхдээ энэ хугацааны ихэнхийг тэр Путинтэй уулзах боломжийг хүлээхэд зарцуулжээ.
Уг нь Виткофын айлчлал бүр долоо хоногийн эхээр буюу Мягмар гарагт Саудын Араб улсад АНУ-Украины төлөөлөгчдийн уулзалт болох үеэр зарлагдсан байна.
Гэвч тэр Пүрэв гарагийн үд дунд өнгөрч байхад Москвад ирснийхээ дараа Кремлиэс дуудахыг хүлээн найман цаг суужээ.
Тухайн үед Путин ердөө өмнөх өдөр нь Москвад айлчлахаа зарласан Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой уулзаад “завгүй” байсан гэнэ.
Лукашенкогийн айлчлал ингэж давхацсан нь санаандгүй тохиолдол биш гэж ажиглагчид үзэж байна.
Учир нь Путин өөрийгөө олон цаг хүлээлгэж, хүч нөлөөгөө мэдрүүлдэг арга барилтай хүн.
Энэ удаа тэр Украины дайны галыг түр зогсоох Вашингтон, Киевийн тохиролцсон төлөвлөгөөг хүлээж авахдаа “буланд шахагдаагүй” мэт харагдахыг хүссэн байх магадлалтай.
Удаан хүлээлгэснийхээ дараа тэр Виткофтой хаалттай хаалганы ард уулзаад буцаажээ.
Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр Кремль дэх тэдний уулзалт шөнийн 1:30 цагт дууссан байна.
Үүнээс хойш хагас цагийн дараа Виткоф онгоцондоо суужээ.
Ямар ч байсан тэр Путиний зөвшөөрсөн хариуг биш, тулгасан нөхцөл шаардлагуудын жагсаалтыг аваад буцсан нь тодорхой байна.
Путин яг ямар шаардлага тавьсан, Трампын дараагийн алхам юу байх нь ирэх долоо хоногт тодорхой болох бололтой.
Эх сурвалж: Sky News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!