Аризона мужийг төлөөлдөг Ардчилсан Намын сенатор Марк Кэлли өчигдөр өөрийн Тесла автомашинаас татгалзаж байгааг зарлажээ.
Энэ нь тэрбумтан Илон Маск холбооны төсвийг танахдаа ахмад дайчдад зориулсан хөтөлбөрүүдийг зогсоосныг эсэргүүцсэн үйлдэл юм байна.
НАСА-гийн сансрын нисгэгч асан Кэлли бас АНУ-ын тэнгисийн хүчний нисгэгч байсан хүн юм.
“Би үүнийг анх худалдан авч байхдаа улс төрийн асуудал болно гэж төсөөлж байсангүй. Сүүлийн 60 хоногийн хугацаанд би өдөр бүр энэ машинд суухдаа Илон Маск болон Дональд Трамп нар энэ улсад ямар их хохирол учруулж байгааг, ядуусын болон өндөр настнуудын нийгмийн халамж, эрүүл мэндийн тэтгэмжийг хасаж байгааг боддог байлаа. Тэд дараагийн бас нэг муу зүйлээ ахмад дайчдад хийж байна. Би өөрөө ахмад дайчин хүн” гэж Кэлли мэдэгджээ.
Тэрбээр цааш нь “Тиймээс надад энэ машиныг хэрэглэхэд үнэхээр хэцүү байна. Тэгээд өнөөдөр солихоор шийдлээ. Энэ машиныг би өнөөдөр сүүлчийн удаа унаж байна. Энэ машинд надад таалагддаг, таалагддаггүй зүйлс бий. Гэхдээ энэ нь хамаагүй. Хамгийн гол нь зөв зүйл хийх юм. Одоо үүнээс салах цаг болсон гэж бодож байна. Би Илон Маск шиг хөгийн амьтны зохион бүтээсэн машиныг унахыг хүсэхгүй байна” гэж хэлсэн байна.
Өмнө нь Кэлли, Маск хоёр бас өөр асуудлаар маргалдаж байсан.
Тухайлбал Ням гарагт Украинд зочлоод ирснийхээ дараа Кэлли энэхүү аяллынхаа талаар Х хуудсандаа дэлгэрэнгүй мэдээлж байлаа.
Гэтэл Маск түүний постын дор “Чи бол урвагч” гэж бичсэн юм.
“Урвагч аа? Илон чи хэрвээ эрх чөлөөг хамгаалах нь Америкийг аугаа болгож, биднийг аюулгүй байлгадаг үндсэн зарчим болохыг ойлгодоггүй юм бол үүнийг мэддэг хүмүүст нь даатгах хэрэгтэй” гэж Кэлли түүнд хариулж байв.
Кэлли гурав дахь удаагаа Украинд очихдоо хэдийгээр Трамп гадаад бодлогыг эрс өөрчилсөн ч Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцлийг нь АНУ дэмжиж байгааг илэрхийлсэн юм.
Даваа гарагт MSNBC сувгаар ярихдаа Кэлли “Би 22 настайдаа АНУ-ын тэнгисийн цэрэгт элсэж, энэ улсын үндсэн хуулийг хамгаалах тангараг өргөж байв. Би энэ тангаргаа насан туршийнх гэж боддог. Би Персийн булангийн нэгдүгээр дайнд тулалдаж байсан. Би АНУ-ын тэнгисийн хүчинд 25 жил алба хаасан. Би 15 жил NASA-д ажиллаж, сансарт нисэхдээ амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байлаа. Илоны хувьд зөвхөн өөрийнхөө мөнгөний дансанд л тангараг өргөсөн байдаг байх. Холбооны засаг захиргаанд маш сайн ажиллаж байсан ахмад дайчдыг Илон муу ажилласан шалтгаанаар халсан байна. Тэр тэдний амьдралыг сүйрүүлж байна. Тэд олон нийтээс сонгогдоогүй тэрбумтнаас халагдах мэдэгдэл имэйлээр хүлээж авах ёстой хүмүүс биш” гэж ярьжээ.
Трампын засаг захиргаанд Илон Маскийн гүйцэтгэж буй ажлыг эсэргүүцсэн Америкчууд сүүлийн үед Тесла компанийн бизнесийг бойкотлох хөдөлгөөн өрнүүлэх болсон юм.
Кэллигээс гадна алдартай рок дуучин Шэрил Кроу бас саяхан Тесла автомашинаасаа татгалзаж байгааг зарлаж байв.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!