Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "ESL Pro League Season 21" тэмцээний Playoffs буюу шөвгийн найман багийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо.
Шведийн Стокхольм хотод зохиогдож буй тус тэмцээний хэсгийн шатанд манай улсын "The MongolZ" баг гурав хожиж, нэг хожигдсоноор Playoffs-д дөрөвдүгээр байраар шалгарсан.
Үргэлжлүүлэн шөвгийн наймд өнгөрсөн оны дэлхийн аварга Украины "Natus Vincere" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар өнгөрсөн шөнө тоглож, 2:0-оор хожлоо. Энэ тоглолтод "Techno" буюу М.Содбаяр нийт 36 "kill" хийж шилдгээр тодорчээ.
Ийнхүү "The MongolZ" баг шөвгийн дөрөвт шалгарснаар дэлхийн чансааг тэргүүлэгчдийн нэг болох Францын "Team Vitality" багтай өнөө шөнийн 01:30 цагт тоглохоор болж байна. Хэрэв хожвол "ESL Pro League Season 21" тэмцээний аваргын төлөө Германы "Mouz" болон ОХУ-ын "Team Spirit" багийн аль хожсонтой нь тоглоно.
Манай баг Украины "Natus Vincere"-тай өмнө нь хоёр удаа учраа таарч тоглохдоо хожиж чадаагүй байсан. Хамгийн сүүлд "iem katowice 2025" тэмцээний хэсгээс нэгдүгээр байраар гарахын төлөө тоглоход 0:2-оор хожигдож байлаа.
Харин шөвгийн шөвгийн дөрөвт учраас таарсан Францын "Team Vitality" багтай өмнө нь дөрвөн удаа тоглоход ялалт байгуулж чадаагүй байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!