Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "ESL Pro League Season 21" тэмцээн Шведийн Стокхольм хотод хоёрдугаар шатны тоглолтуудаар үргэлжилж байна.
Нийт 400,000 ам.долларын шагналын сантай зохиогдож буй уг тэмцээний хоёрдугаар шатанд манай улсын "The MongolZ" баг Германы "GamerLegion", Европын "G2 Esports"-ийг хожсон.
Тэд өнөөдөр дараагийн шатанд шалгарахын төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга ОХУ-ын "Team Spirit" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 0:2-ээр ялагдлаа.
Ингэснээр "ESL Pro League Season 21"-ийн шөвгийн наймд шалгарахын төлөө маргааш дахин тоглохоор болж байна. Одоогоор манай баг хоёр хожил, нэг хожигдол амссанаар зургаадугаар байрт бичигдэж эхэлсэн.
Хоёрдугаар шатны дөрөвдүгээр тойрогт өөртэйгөө ижил амжилттай явж буй багтай маргааш орой тоглоно. Хэрэв тус тоглолтод хожвол Playoffs шат руу дэвшинэ. Харин хожигдвол тэмцээнээс хасагдахгүйн төлөө дахин нэг удаа тоглох эрхтэй үлдэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!