Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "ESL Pro League Season 21" тэмцээн Шведийн Стокхольм хотод зохион байгуулагдаж байгаа билээ.
Энэ сарын 16-ыг дуустал үргэлжлэх тус тэмцээнд нийт 24 баг чансаанаасаа хамаарч хоёр шатанд хуваагдан тоглож байгаа юм. Одоогоор хоёрдугаар шатанд тоглох 16 багийн нэр тодорсон. Хоёрдугаар шатанд 16 баг тойргийн журмаар тоглоно. Нэг баг нийт таван удаа тоглох эрхтэй. Түрүүлж гурван удаа хожсон найман баг нь Playoffs шатанд шалгарна.
Манай улсын The MongolZ багийн хувьд дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдсэн тул хоёрдугаар шатанд урилгаар оролцох бөгөөд эхний тоглолтоо өнөө орой хийнэ. Тодруулбал Баасан гарагийн 19:00 цагт Германы "GamerLegion" багтай тоглох хуваарь гарчээ.
Playoffs шатны тоглолтууд энэ сарын 13-наас эхлэх бөгөөд бүх тоглолт "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар явагдана. Энэхүү тэмцээн нь нийт 400,000 ам.долларын шагналын сантай. Түрүүлбэл 100 мянган ам.доллар, хоёрдугаар байрт 50 мянган ам.долларын шагнал өгөхөөр зохион байгуулагчид төсөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!