Уншиж байна ...

Гринландыг авахаар Трамп сүрдүүлсний дараа Дани улсаас АНУ өндөг гуйв

С.Мөнхцэцэг, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргааны толгойн өвчин өндөгний үнэ болоод байгаа.

Америкийн фермүүдэд тархсан шувууны ханиадны улмаас өндөг ховордож, үнэ нь түүхэн дээд хэмжээнд хүрээд байна.

Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөсөн эхний өдрөө өндөгний үнийг буулгахаа амлаж байсан ч сар гаруй хугацаа өнгөрөөд байхад жилийн өмнөх мөн үетэйгээ харьцуулахад 59 хувиар өсжээ.

Тэгвэл саяхан АНУ-ын хөдөө аж ахуйн яам худалдааны дайн зарлаад буй Европын орнуудаас өндөг нийлүүлэхийг хүссэн байна.

Тэдгээрийн дотор Гринланд арлын эзэмшлийн асуудлаар дипломат маргаан өрнүүлээд буй Дани улс багтжээ.

Хоёрдугаар сарын сүүлээр АНУ-ын хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн захидлыг Данийн Өндөгний Холбоо өчигдөр хэвлэлд нийтлүүлсэн байна.

Уг захидалд АНУ-ын зах зээлд өндөг нийлүүлэх боломжтой эсэх талаар хариу өгөхийг Данийн талаас хүссэн байжээ.

“Бид хэр хэмжээний өндөг хүсэж байгааг нь Вашингтоноос асуугаад хариу хүлээж байна. Гэхдээ өндөгний хэрэглээ өсөж, шувууны ханиад дэгдсэн зэргээс болоод дэлхийн хаа сайгүй өндөгний хомсдол үүсээд байгаа” гэж Данийн Өндөгний Холбооны хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.

Турк улс өнгөрсөн сард 15,000 тонн өндөг АНУ-д экспортолж эхэлснээ зарлаж байв.

АНУ-ын хөдөө аж ахуйн сайд Брүүк Роллинс шувууны ханиадтай тэмцэх хөрөнгөнөөсөө $1 тэрбумыг өндөгний импортод зориулах болсныг өнгөрсөн сард мэдэгдэж байжээ.

Хоёрдугаар сарын 7-нд тус яам шувууны ханиадны улмаас нийт 116.9 сая өндөгний зориулалтын тахиаг устгалд оруулснаа мэдээлж байв.

Хоёрдугаар сарын байдлаар АНУ-ын зах зээлд Grade A ангиллын 12 өндөгний багцын үнэ дунджаар $5.90 хүрснийг Лхагва гарагт нийтлэгдсэн эдийн засгийн тоо баримт харуулж байна.

Нэгдүгээр сард энэ хэмжээ $4.95 байсан юм.

АНУ-ын өндөг нийлүүлэхийг хүссэн Дани улс нь дэлхийн хамгийн том арал Гринландыг эзэмшдэг.

Трамп сонгуульд ялсан цагаасаа хойш стратегийн ач холбогдолтой уг арлыг АНУ-д ямар нэг аргаар нэгтгэх санааг цухуйлгасаар байгаа.

Энэ долоо хоногт НАТО-гийн тэргүүн Марк Рюттетэй уулзсаныхаа дараа Трамп “Гринландыг хэзээ нэг цагт авна” гэдэгтээ итгэлтэй байгааг дахин илэрхийлсэн юм.

Ням гарагт болсон орон нутгийн сонгуулиар Гринландад тусгаар тогтнолыг урт хугацаанд хэрэгжүүлэх зорилготой нам ялалт байгуулсан.

Тус арлын улс төрийн хүчнүүд бүгд Дани улсаас тусгаар тогтнохыг дэмждэг ч хэзээ, яаж гэдэг дээр өөр өөр байр суурьтай байдаг юм.

Харин АНУ-д нэгдэхийг арлын оршин суугчдын 85 хувь нь эсэргүүцэж буйг нэгдүгээр сард явуулсан санал асуулга харуулжээ.

 

Эх сурвалж: Reuters