Хил хамгаалах байгууллага, Хилийн цэргийн нисэх алба “H225 Super Puma” загварын нисдэг тэрэгтэй боллоо.
Франц Улсын “Airbus” компанийн “H225 Super Puma” загварын нисдэг тэрэг нь Монгол Улсад цор ганц гэдгээрээ онцлог. Олон улсад өндөр зэрэглэл бүхий, хүчин чадал сайтай гэдгээрээ алдаршсан зорчигч тээвэрлэх, эрэн хайх, авран туслах, хууль сахиулах, гал унтраах, түргэн тусламж үзүүлэх гэх мэт олон төрлөөр тоноглон ашиглах боломжтой техник юм.
Ийнхүү Хил хамгаалах байгууллага нисдэг тэрэгтэй болсноор хамгаалалтын үр дүн дээшлэх, дотооддоо шүхэрчдийг бэлтгэх, хилийн цэргийн дугаар ангийг сэргээн байгуулах техникийн шаардлага хангагдана хэмээн албаныхан үзэж байна.
Цаашид хил хамгаалалтад нисдэг тэрэг өргөнөөр ашиглахаар төлөвлөжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Сангийн яамнаас хилчдийг бүрэн дэмжиж орчин үеийн өндөр хүчин чадал бүхий нисдэг тэрэгтэй болгосон явдал нь ийнхүү Хил хамгаалах байгууллагын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн онцлог үйл явдал болов.
Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!