Уншиж байна ...

“УБТЗ” ХНН: Төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ өснө

А.Золжаргал, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

“Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох” зөвлөгөөн Улаанбаатар хотноо 5 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын  5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2024 онд тээвэрлэхээр тохиролцсон гадаад худалдааны  ачаа /экспорт, импорт, транзит/ -ны хэмжээний биелэлтийг хэлэлцэж, 2025 онд тээвэрлэх гадаад худалдааны  ачааны хэмжээгээ тохиролцлоо. Мөн 2025 онд төмөр замын олон улсын харилцаанд тээвэрлэхээр тохиролцсон ачааны тээвэрлэлтийн нөхцөлийг хангах техник, зохион байгуулалтын арга хэмжээг боловсруулах асуудлыг хэлэлцсэн байна.

УБТЗ-ын хувьд 2024 онд 21,2 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр тохиролцож байсан бол 2025 онд 22 сая тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэхээр тохиролцлоо. Энэ нь өнгөрсөн оноосоо нэг сая тонн ачаа илүү тээвэрлэнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл төмөр замаар тээвэрлэх манай улсын экспорт, импорт, транзит тээврийн хэмжээ өсөх боломж нээгдэж байна.

зураг
 

Ийнхүү энэхүү зөвлөгөөнөөр УБТЗ-аар 2025 онд тээвэрлэх гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээг өсгөхөөр зөвшилцөж тохирсон нь УБТЗ бүс нутгийнхаа тээвэр логистик, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд улам идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлж байна.

Зөвлөгөөний үеэр зөвшилцөж тохиролцсон ачааг төлөвлөсөн хэмжээнд тээвэрлэхийн тулд УБТЗ шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, хөрш орнуудынхаа төмөр замуудтай нягт хамтран ажиллах юм.

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлж бэхжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэнг тус байгууллагын хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.