Өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ширүүн хэрүүл маргаан үүсгэсний дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн рэйтинг 10 нэгж хувиар өссөн тухай Киевийн Олон Улсын Социологийн Хүрээлэн (KIIS) өчигдөр мэдээлжээ.
Тус хүрээлэнгийн явуулсан санал асуулгаар Украины олон нийтийн дэмжлэг Зеленскийн хувьд өмнөх сард 57 хувь байснаа сая 67 хувь болон өссөн нь харагдсан байна.
Трамп, Зеленский нарын уулзалт хоёрдугаар сарын 28-ны өдөр болсон бол санал асуулгыг хоёрдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 4 хүртэл хугацаанд зохион байгуулжээ.
“Украинчууд АНУ-ын шинэ засаг захиргаанаас Зеленскийд хандаж хэлсэн үг хэллэгийг бүхэлд нь Украин улсад хандаж байна гэж ойлгож байгааг энэ үр дүн харууллаа” гэж KIIS хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Антон Хрушецкий мэдэгдэлдээ дурдсан байна.
Энэ нь Украины ард иргэд энх тайвныг хүсэж байгаа ч хэтэрхий өндөр үнэ өртгөөр олдох ёсгүй гэж үзэж байгаагийн илрэл гэж тэр бас дүгнэжээ.
“Украинчууд энх тайвныг хүсэж байгаа ч дийлэнх хэсэг нь энх тайвныг юугаар ч хамаагүй наймаалцахын эсрэг байна” гэж тэр хэлсэн юм.
Өдгөө 47 настай Володимир Зеленский 2019 онд Украины ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
2022 оны хоёрдугаар сард эхэлсэн Оросын эзлэн түрэмгийлэх дайнаас хойш тэр Украины тэмцлийн бэлэг тэмдэг болсон юм.
Судалгааг 1,029 хүнээс утсаар ярилцах замаар авсан бөгөөд Украин даяар ойролцоо үр дүнтэй байжээ. Харин дайны талбар болж буй Украины дорнод хэсэгт Зеленскийн үнэлгээ арай бага буюу 60 орчим хувьтай гарсан байна.
Хоёрдугаар сарын эхээр судалгаанд оролцогчдын 37 хувь Зеленскийд итгэхгүй байгаагаа илэрхийлж байсан бол сүүлийн судалгаагаар энэ үзүүлэлт 29 хувь хүртэл буурчээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!