Япон улсын нийслэл Токио хотын цагдаагийн албаны хаяж гээсэн эд зүйлсийг хүлээж авах газар 2024 онд түүхэндээ байгаагүй их хэмжээний бэлэн мөнгийг иргэдээс хүлээн авснаа өчигдөр мэдээлсэн байна.
Өнгөрсөн онд нийтдээ 4.5 тэрбум иен ($30 сая) хүлээж авсан нь өмнөх оноосоо 1.8 хувиар өссөн дүн болжээ.
Уг өсөлтийг цар тахлын дараа иргэдийн амьдрал идэвхэжсэн, гадаадын жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.
Өнгөрсөн оны нэг удаагийн хамгийн их бэлэн мөнгө тушаасан тохиолдол 11.6 сая иен ($77,500 орчим) байжээ.
Нийтдээ 3.2 тэрбум иенийг гээсэн эзэнд нь буцааж, 570 сая иенийг олсон хүнд нь өгсөн байна. 660 сая иенийг хотын захиргааны орлого болгожээ.
Бэлэн мөнгөнөөс гадна 2024 онд 4.4 сая ширхэг гээсэн эд зүйлс цагдаагийн газарт цугларсан нь өмнөх оноосоо 7.8 хувиар өсөж, бас түүхэн дээд үзүүлэлт болсон байна.
Гээсэн эд зүйлсийн 830,000 орчим буюу хамгийн олон нь жолооны үнэмлэх болон бусад бичиг баримт байжээ.
Утасгүй чихэвч, цахилгаан тамхи зэрэг электроник эд зүйлсийн тоо өмнөх оноосоо хамгийн их өссөн байна.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!