Одоогоос 2,000 орчим жилийн өмнө Везувийн галт уул дэлбэрэх үеэр агаарт маш халуун үнс нурам цацагдсан нь хүний тархийг шил болгон хувиргах хүчтэй байсныг эрдэмтэд тогтоожээ.
Тэд 2020 онд дээрх шилийг археологийн талбайгаас олоод хүний тархи байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн ч хэрхэн ингэж хувирсныг нь тайлбарлаж чадаагүй юм.
Нийтийн тооллын 79 онд өнөөгийн Неаполь хотын ойролцоо Везувийн галт уул дэлбэрэхэд нас барсан 20 орчим насны эрэгтэй хүний гавал дотроос шошны хэмжээтэй хар өнгийн шилнүүд олдож байжээ.
Эрдэмтэд галт уул дэлбэрэх үеийн нөхцөлийг зохиомлоор үүсгэж туршаад Цельсийн 510 хэмийн халуун агаар тухайн хүний тархийг бүрхсэний дараа маш хурдан хөрснөөс шил болон хувирсан гэж дүгнэсэн байна.
Үүнийг хүний ямар нэг эд эрхтэн байгалийн замаар шил болсон анхны тохиолдол гэж эрдэмтэд үзэж байгаа гэнэ.
Уг тархины эзэн эртний Ромын Херкуланиум хотын төв гудамжинд оршдог Коллегиум нэртэй барилга дотор унтаж байхдаа үхсэн гэж үздэг.
Археологичдын олсон шилний хэлтэрхийнүүд хэдхэн миллиметрээс эхлээд 1-2 см хүртэл хэмжээтэй байжээ.
Везувийн галт уулын дэлбэрэлтэд Херкуланиум хот болон түүний ойролцоох Помпей хотын нийт 20,000 орчим хүн амиа алдсан гэж үздэг.
Одоогоор 1,500 орчим хүний цогцсын үлдэгдлийг илрүүлээд байгаа юм.
Галт уулын дэлбэрэлтээс үүссэн пирокластик хэмээн нэрлэгддэг агаарын халуун урсгал дээрх хотуудыг бүрхсэн гэж судлаачид үздэг.
Шил үүсэх үйл явц маш нарийн температуртай орчин нөхцөлд явагддаг юм.
Тухайлбал аливаа бодис шил болон хувирахын тулд тухайн бодисын болон түүний эргэн тойрны температурын зөрүү асар их байх ёстой.
Шингэн төлөвт шилжсэн бодис буцаж хатуурахдаа талстжихгүйн тулд маш хурдан хөрөх ёстой юм байна.
Эрдэмтэд рентген туяа болон цахилгаан соронзон микроскопын тусламжтай явуулсан туршилтынхаа үр дүнд тархи шил болохын тулд доод тал нь Цельсийн 510 хэм хүрч халсан байх ёстой гэж дүгнэжээ.
Тухайн хүний биеийн бусад эд эрхтэн шил болоогүй байдаг.
Зөвхөн шингэн агуулсан материал шил болох боломжтой бөгөөд
бусад зөөлөн эдүүд нь шил болох хүртэл хөрөхөөсөө өмнө халууныг тэсвэрлэж чадалгүй шатсан гэж эрдэмтэд үзэж байна.
Гавлын яс тархийг тодорхой хэмжээнд хамгаалдаг нь бас шил үүсэхэд нөлөөлжээ.
Эрдэмтэд судалгааны ажлын тайлангаа Scienteific Reports сэтгүүлд өчигдөр нийтлүүлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!