Уншиж байна ...

Украины зэвсгийн үйлдвэрлэл Европын орнуудынхаас илүү хурдтай хөгжиж байгааг Дани улсын ерөнхий сайд анхааруулжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен

Бямба гарагт Мюнхений аюулгүй байдлын чуулганд үг хэлэхдээ Дани улсын ерөнхий сайд Украины зэр зэвсгийн үйлдвэрлэл асар хурдтай хөгжиж байгаа талаар гайхан ярьжээ.

Тэрбээр АНУ-ын аюулгүй байдлын баталгаа суларч байгаа энэ үед Европын орнууд батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай болж буйг илэрхийлэхдээ энэ тухай ярьсан байна.

“Дайны байдалд байгаа улс биднээс бүгдээс нь илүү хурдтай үйлдвэрлэл явуулж байгаагаас үзвэл бидэнд асуудал байна, нөхөд өө. Бид дайнд оролцоогүй ч цаашдаа амар амгалан суух боломжгүй болж байгааг би хэлж байна. Тиймээс бид сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай” гэж Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен энэ үеэр хэлжээ.

Тэрбээр Украинд хүссэн зүйлийг нь өгөхийн хажуугаар өөрийгөө хамгаалах чадвартай болохын тулд Европын орнууд хүнд суртлаа багасгаж, “яарах мэдрэмжтэй” болох хэрэгтэй байгааг анхааруулсан байна.

Ингэхдээ Фредериксен зэр зэвсгийг Украин улс Европын хаана ч байхгүй хурдаар, хямд өртгөөр үйлдвэрлэж чаддаг болсныг хэлжээ.

2022 оны хоёрдугаар сард Оросын эзлэн түрэмгийлэл эхэлсний дараа Украин улс дотоодын зэр зэвсгийн үйлдвэрлэлээ эрчимжүүлж, пуужин, их буу, дрон зэргийг олноор үйлдвэрлэдэг болоод байгаа.

2024 онд Украины армийн дайнд ашигласан бүх зэвсэг техникийн 30 хувийг дотооддоо үйлдвэрлэсэн тухай тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский саяхан мэдээлж байв.

Дани улсын хувьд Украинд зэвсэг үйлдвэрлэх төслүүдэд тэргүүлэх үүрэгтэй оролцож байгаа юм. Тиймээс Фредериксен энэ талаар илүү их мэдээлэлтэй байгаа бололтой.

Тэрбээр тодорхой тоо баримт дэлгээгүй ч Украины батлан хамгаалах салбарын үйлдвэрлэл зарим талаар Европыг ардаа орхисныг баталжээ.

2024 онд Украин улс “FPV-first person view” ангиллын дрон 1.5 сая гаруйг үйлдвэрлэсэн гэсэн тоо баримт бий.

Өнгөрсөн оны эхний 11 сарын хугацаанд Украин 2.5 сая их буу, миномётын сум үйлдвэрлэсэн тухай Киевийн албаныхан өмнө нь мэдээлж байв. Гэтэл Европын Холбоо 2025 онд 2 сая их бууны сум үйлдвэрлэх боломжтойгоо зарлаж байжээ.

Даниас гадна бусад улсуудын удирдагчид бас Европын орнууд батлан хамгаалах аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх шаардлагатайг Мюнхений чуулганы үеэр илэрхийлж байв.

Тухайлбал Литва улсын батлан хамгаалахын сайд Довиле Шакалине “АНУ-тай эн зэрэгцэхийн тулд Европ батлан хамгаалах зардлаа маш хурдан бөгөөд мэдэгдэхүйц нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн бол Германы батлан хамгаалахын сайд Борис Писториус “Бид илүү ихийг хийх хэрэгтэй. Өмнөх он жилүүдэд биднийг хэтэрхий бага зүйл хийсэн гэж шүүмжилж байгаатай санал нийлж байна” гэсэн юм.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте энэ үеэр “АНУ, Европын аль аль нь хангалттай зэвсэг үйлдвэрлэхгүй байна”, “НАТО-гийн орнуудын нэг жилд үйлдвэрлэдэг сумыг Орос гурван сарын хугацаанд үйлдвэрлэж байна” гэж ярьжээ.

Гэхдээ Европын орнуудын түрүүч нь энэ шаардлагыг ойлгож, батлан хамгаалах зардлаа өсгөж эхлээд байгаа.

Тухайлбал 2024 онд Польш улс үндэсний нийт бүтээгдэхүүнийхээ 4 гаруй хувийг батлан хамгаалах зардалд зориулснаар энэ үзүүлэлтээр НАТО-г тэргүүлж эхлээд байна.

Литва, Эстони улсууд бас энэ үзүүлэлтийг 5 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ сая зарлажээ.

Гэхдээ тэд үүнийгээ АНУ-ын ерөнхийлөгч Трампын шүүмжлэлийн дагуу биш, Оросын аюул заналын улмаас гаргасан шийдвэр гэж тайлбарлаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болж өнгөрсөн Мюнхений аюулгүй байдлын чуулган бүхэлдээ Украины дайнаас үүдэлтэй Европын аюулгүй байдлын сэдвээр амьсгалж байв.

 

Эх сурвалж: Business Insider